Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөний дагуу ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан  бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны дарга нар болон их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1516 хүн найман сарын турш хамтран ажилласан юм.

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны 01 дүгээр сарын 03-нд өргөн барьсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн байдаг.

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр товлосон байсны нэг нь “АЛСЫН ХАРАА-2050” юм.

Уг төслийг маргааш буюу 2020.04.10-ны өдрийн чуулганаар хэлэлцэх юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн.

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн дараах эрхэм зорилгыг тодорхойлсон байна. Үүнд:

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл-“Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”.
  • Хүний хөгжил- “Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”.
  • Амьдралын чанар ба дундаж давхарга-“Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын  80 хувьд хүргэнэ”.
  • Эдийн засаг-“ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч,  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”.
  • Сайн засаглал “Тогтвортой засаглал тогтож,хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”.
  • Ногоон хөгжил “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”.
  • Амар тайван, аюулгүй нийгэм-“Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”
  • Бүсчилсэн хөгжил- “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх  бүсүүдийг хөгжүүлнэ”.

Улаанбаатар ба дагуул хот “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ” гэсэн 9 үндсэн бодлого багтжээ.

АРД НЬЮС: Э.Ууганцэцэг