Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар НДШ, ХАОАТ-ийн хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулахыг дэмжээд байгаа юм. 

ОРЛОГО НЬ МӨН ҮЕЭС 50 ХУВЬ БУУРСАН Ч АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛСАН ААН-ИЙН АЖИЛТНУУДАД 200 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХЫГ БАЙНГЫН ХОРООГООР ДЭМЖЖЭЭ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ болж чадаагүй төсөл болсон. Бидний санал байнгын хорооны хуралдаанд бүгд унасан. Эдгээр долоон арга хэмжээ бол хангалттай арга хэмжээ биш. Бид хүссэн ч эс хүссэн ч эдийн засгийн цогц арга хэмжээ авах, ялгаварлалгүйгээр дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой байлгах тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж хэлсэн. Эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээ нь яг юу юм. Миний хувийн бодлоор гадаадад сурч байгаа оюутнууд их хэцүү байна. Оюутны байрнаасаа хөөгдөж, дамжин ирэх нөхцөл боломж алга. Ч.Хүрэлбаатар сайд аа, гадаадад байгаа оюутнуудад зориулсан дэмжлэг байна уу. Байхгүй бол оруулъя. Нэгэнт бид гадаадад байгаа оюутнуудыг, бүгдийг нь авчирч чадахгүй байгаа юм чинь ийм арга хэмжээ авбал ямар вэ. Дээр нь Ерөнхий сайд 9 сарын 1-нийг хүртэл хичээл оруулахгүй байх санал гаргасан байна. 12 дугаар ангийн хүүхдүүд их хэцүү байдалд орчихлоо. Зөвхөн төгсөх ангийнхныг цөөнөөр нь танхимаар хичээллүүлэх боломж байна уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадаадад байгаа Монгол иргэдийг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаан бүр дээр ярьж байна. 6650 орчим иргэд эх орондоо ирэх хүсэлтээ тавиад байна. Үүний дотор хүндэтгэх шалтгаантай олон иргэн байгаа учир онгоц, нислэг хязгаарлагдмал байгаа тул санал боловсруулж, ярьсаар байна. Энэ тогтоолгүйгээр Засгийн газрын боломжийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой. Шийдвэр гармагц танд мэдээлье. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг: Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбар буюу бүх түвшний сургалтад хөл хорио тогтоосны улмаас 1.7 тэрбум хүүхэд, оюутан сургалтын үйл ажиллагаа зогссон байна. Бид энэ талаар судалж байна. Бусад сургууль юун сургалтын үйл ажиллагаа манатай болсон байхад бид цахим сургалтыг сайн зохион байгуулж, НҮБ-ын албан ёсны сайтад жишээ болж байна. Тавдугаар сарын 30-наар хичээлийн шинэ жил дуусах ёстой. Хөл хориог тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, өөр ямар байдлаар шийдвэрлэж болох талаар судалж байна. Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргана. Бид ЭМЯ-нд саналаа хүргүүлсэн. Төгсөх ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санал ирж байна. Тавдугаар сард эрүүл мэндийг хамгаалсан орчинд цөөн тоогоор баг болгон давтлага өгөх боломжийг судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт албан ёсоор мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар төгсөх ангийн 28 мянган хүүхдэд гарын авлага, CD, DVD хүргэсэн. 

Эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээл олгох асуудлыг судалж байна гэдгийг УИХ-ын дарга хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 5.1 их наяд төгрөгийн хөрөнгө гэдэг бол том тоо. Бид олж буй хоёр төгрөгийн 1-ийг иргэдийн ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд оруулж байна гэсэн үг. 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр хүний 75 хувь нь 800 мянга орчим хүний НДШ-ийг төр хариуцах чөлөөлөлтөд хамрагдана. Үүнд 800 тэрбум төгрөг зарцуулна. Харин иргэдэд олгох 200 мянган төгрөгийг ямар шаардлага хангасан хүнд өгөх вэ гэдэг дээр асуулт их байсан. Өнгөрсөн оны эхний гурван сарын орлого нь энэ жил 50 хувь буурсан ч ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилтнууд хамрагдана. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нөхцөл байдал хүндэрсэн үед зорилтот бүлгийн иргэдийг өдөрт нэг удаа халуун хоолоор хангах зэрэг иргэн бүрт, өрх бүрт гаргаж буй тогтоолын үр шим очих хэрэгтэй байгаа тул тусгах боломж байна уу. 

Харилцаа холбооны компаниудын интернэт, утасны үйлчилгээг тодорхой цагуудад үнэгүй болгох, онлайн зах зээлийг дэмжих, бүх нийтийн үүргийн сангаар интернэтийн үнийг буулгах, ажлыг үүлэн технологиор явуулах зэрэг асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг УИХ-ын дарга өглөө. 

Эх сурвалж:gogo.mn