Сүүлийн байдлаар дэлхий даяар Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо 1.5 саяыг давлаа.

Уг өвчнөөр нас барсан хүний тоо 80,000 хүрээд байна. Вирус анх тархаж эхэлсэн цэг Хятадын Ухань хот өчигдөр хөл хорионы дэглэмээ цуцалсан бол АНУ, Европт нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Европ тивд Испани, Итали, Франц улсууд коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдээд байгаа бол өчигдөр Их Британид 938 хүн нас барж, нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн тоо нь хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон халдвар авч, Лондон хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гурав хонож байна.

АНУ-д нийт халдварын тохиолдлын тоо өчигдөр 400,000-ын босгыг давсан нь дэлхийн бусад улс орнуудыг хол хаясан үзүүлэлт боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,858 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь мөн нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн дээд хэмжээ болжээ.

Тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид 779 өвчтөн нас барсан байна. АНУ-ын нийт эндэгдлийн тоо 14,000 хүрчээ.

Өчигдөр Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) өнөө цаг үеийн хамгийн гүн эдийн засгийн хямрал айсуйг анхааруулжээ.

“Covid-19 өвчний улмаас эдийн засаг, хүмүүсийн аж амьдрал тасалдаж, дэлхий нийтийн худалдааны хэмжээ 2020 онд 13-аас 32 хүртэл хувиар буурахаар байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.

ДХБ-ын ерөнхийлөгч Роберто Азеведо энэ удаагийн уналтыг “бидний амьдарч буй цаг үеийн хамгийн гүн эдийн засгийн хямрал” болох магадлалтайг анхааруулжээ.

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтууд:

 УлсХалдварын тохиолдолЭндэгдэлХарьцаа
1АНУ 423,135  14,390 3%
2Испани 146,690  14,673 10%
3Итали 139,422  17,669 13%
4Франц 113,951  10,869 10%
5Герман 110,483  2,183 2%
6Хятад 82,897  3,333 4%
7Иран 67,286  4,003 6%
8Их Британи 61,471  7,110 12%
9Турк 38,226  812 2%
10Бельги 23,403  2,240 10%

Эх сурвалж: Reuters, AFP