Олон улсад шинэ төрлийн  коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжиж 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон бөгөөд дараах тогтоолыг гаргасан. 

Тогтоох нь: 

1. Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй уялдуулан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах, ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуун) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (М.Баярмагнай)-д зөвлөсүгэй.

2. Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай  бүр нь авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

http://time.mn/