Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр коронавирусийн халдварын 52 шинэ тохиолдол илрүүлснээ зарлалаа. Ингэснээр тус улсын нийт халдвартай хүний тоо 156 болж огцом өсөж байна.

Сүүлийн гурван өдөр халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн нь Дэгү хотын сүмд гарсан тархалттай холбоотой юм.

Өнөөдөр илэрсэн 52 тохиолдлын 41 нь Дэгү хотод бүртгэгджээ.

Бусад гурван тохиолдол нь Сөүл хотоос илэрсэн гэнэ. Дэгүгийн 41 тохиолдлын 39 нь тус хот дахь Есүсийн Шинчёнжи сүмтэй холбогдсон байна.  

Өмнөд Солонгосоос илэрсэн 31 дэх халдвар тээгч болох 61 настай эмэгтэй тус сүмийн цуглаанд очдог байсан нь цааш олон хүнд халдах нөхцөл болсон юм.

Энэ долоо хоногийн эхээр халдвартай нь тогтоогдсон эмэгтэй хоёрдугаар сарын 9-нд, дараа нь өнгөрсөн Ням гарагт Есүсийн Шинчёнжи сүмийн цуглаанд оролцож байжээ. Тус сүмийн захиргаа 1,000 орчим мөргөлчөөсөө сайн дураар гэртээ хөл хорионд байхыг хүссэн тухай мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар Дэгү хот болон халдвараар анхны хүн нас барсан Чёндо дүүргийг “тусгай удирдлагын бүс” болгон зарлаж, шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.

Эх сурвалж: Yonhap News, Э.СЭМҮҮН, IKON.MN