“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасныг мэдээлсэн. Нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 480 төгрөгийн ногдол ашиг олгох аж.

Иргэд ETT нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг утсандаа татаж авснаар хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой гэсэн мэдээллийг компанийн зүгээс өгсөн. Иргэдийн тухайд хувьцааны дансаа баталгаажуулах шаардлагатай.Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны дансаа баталгаажуулаагүй байгаа аж. 


2012 оноос хойш төрсөн хүүхдэд 1072 хувьцаа олгох эсэхийг СУДАЛЖ байна


“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1072  хувьцаа эзэмшихгүй байгаа.

Тэгвэл “Эрдэнэс -Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэсэн юм.


Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг гэр бүлийн гишүүд нь авна


1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч буйтай холбоотойгоор хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэдэг асуултыг тавих иргэд байна.

Тэгвэл нас барсан иргэний ар гэр, үр хүүхэд нь нас барсны бүртгэлд орсныг нь баталгаажуулсан бичиг болон өөрөө хүүхэд нь мөн гэдгээ баталгаажуулсан баримт бичгээ авчирч, өргөдөл гаргах ёстой аж. Тэгсэн тохиолдолд хувьцаа автоматаар өргөдөл гаргасан иргэнд шилжих аж. Түүнчлэн хувьцаа тухайн иргэний нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд ногдол ашиг авахад асуудал гарахгүй гэсэн үг юм.

Ингээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа баталгаажуулахад хэрэгтэй мэдээллийг хүргэе.


НЭГДҮГЭЭР АЛХАМ

Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

ХОЁРДУГААР АЛХАМ

Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 53 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.

ГУРАВДУГААР АЛХАМ

Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?

Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг манай сайт хүргэж байна.

  • Архангай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80956484
  • Баян-Өлгий – “Таван Богд ҮЦК”, Утас: 99089224
  • Баянхонгор – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80966484
  • Булган – “Булган Брокер ҮЦК”, Утас: 99195114
  • Говь-Алтай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80976484
  • Дархан-Уул – “Би Ди Сек”, Утас: 94082846, 70379007, “Дархан Брокер”, Утас 99103719
  • Дорнод – “Монсек”, Утас: 95040777
  • Дундговь – “Санар”, Утас: 99098709
  • Завхан – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80606484
  • Орхон – “Би Ди Сек”, Утас: 99072846
  • Өвөрхангай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80986484
  • Өмнөговь – Нэйшнл Секюритис ҮЦК”, Утас: 89032443, “Батс ҮЦК”, Утас 99118082
  • Сүхбаатар – “Монсек”, Утас: 90110504, 95040777
  • Сэлэнгэ – “Масдак”, Утас: 99881008
  • Увс – “Тулгат Чандмань Баян”, Утас: 99459044
  • Ховд – “Бумбат-Алтай”, Утас: 70432166, 99968989
  • Хөвсгөл – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80546484
  • Хэнтий – “Өндөрхаан Инвест”, Утас: 9889 8481