Өнгөрсөн мягмар гаригт Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар үйл ажиллагааг нь зогсооно гэдгээ мэдэгдсэн билээ. 

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлэхдээ  “Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан. Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог.

Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож,  энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно. Энэ обьект хотын төсөвт олигтой орлого оруулдаггүй. Тодруулбал, Нийслэлийн төсвөөс жилд Урт цагаанд 450 орчим сая төгрөг гаргадаг ч буцаан олж байгаа орлого нь 500 орчим сая төгрөг. Энэ байшинг тордоод ч нэмэргүй, ямар ч бэхэлгээ хийх боломж байхгүй. Харин энэ барилгыг нураах эсэх асуудал нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд байдаг” хэмээсэн билээ. 

Энэ асуудлаар Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар манай сайтад хандлаа. Тус ТББ нь 30-аад түрээслэгч Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ хийгээд тухайн талбайдаа хүмүүсийг суулгаад ажиллуулж, ажлын байраар хангаж явдаг хүмүүсийн холбоо юм байна. 

-Та ямар асуудлаар манай сайтад хандаж байна вэ? 

-Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат гэж хүн сэтгүүлч, сурвалжлагчдыг дагуулж очоод урт цагааны асуудлаар сурвалжлага хийлгэсэн. Ингэхдээ урт цагааныг түрээсээр ашиглагчдын эрх ашгийг хохироосон асудлыг ярьсан. Урт цагааны хамгийн муу муухай газруудаар, хойд талаар нь явуулж харуулж байгаа юм. Урд талд нь “Хар чонот” гэдэг компани засвар хийчихсэн корпус байгаа. Тэр корпусын зургийг огт аваагүй. Ерөнхий хариуцдаг газар нь Нийслэлийн өмч ашиглалтын газар шүү дээ.

Гэтэл өөр өөрсдийнхөө муу муухайг харуулж байгаа юм шиг ийм байдал гаргаж байгаа нь тэнд ажиллаж байгаа бидний эрх ашгийг хохироож байна. Хоёрдугаарт,  түрээслэгч нар одоо ид ажилтай байгаа. Цагаан сарынхаа хувцас захиалгыг, ээмэг бөгж, хөөрөг засварын ажлыг хийцгээж байгаа. Гэтэл энэ үед жижиг бизнесийн эрх ашгийг хохироосон ийм үл ажиллагааг шууд явуулаа. 

-Та бүхэн ажлын байрандаа засвар үйлчилгээ хийдэггүй байсан юм уу?

-Хойд талын муухай хэсгийг олон нийтэд харуулсан. Ингэсэн шалтгаан нь  энэ нөхдүүд огт засвар үйлчилгээ хийдэггүй, бохир заваан байлгадаг гэсэн зүйлийг харуулахыг хүссэн гэж бодож байна. Бид урт цагааны гадна, дотно талд засвар үйлчилгээ хийе гэхэд “Та нар хийх шаардлага байхгүй. 2007 онос хойш хөрөнгө оруулалтыг зогсоосон” гэж хариулдаг. 

-Урт цагааны барилгын түүхийг сонирхуулахгүй юу?

-Түүх ярихад Урт цагаан бол 1962 онд үйлдвэр хоршооллын артелууд, тэнд ажиллаж байгаа иргэдийн хандиваар боссон байдаг. Өөрөөр хэлбэл,  Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийн нэг. Тэнд үйлдвэр хоршооллын ажилчдын гутлын, модны үйлдвэр байсан. Оёдлын цех үйл ажиллагаа явуулж байсан юм. Наад талын хэсэгт нь голдуу сайд нарын ахуй үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан. 

Гэтэл 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээний яам татан буугдсанаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт урт цагааны барилга шилжиж очсон байдаг. Түүний дараа олигтой юм хийж чадалгүй, жуулчны гудамж гэж баахан сувинер, бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр байгуулах гэж үзсэн. Дэлгүүр байгуулсан ч тэр олон дэлгүүр нэг зэрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд орхиод явчихсан байдаг. 

-Тэгээд та бүхэн нэгдэж ТББ байгуулж, түрээсэлж эхэлсэн юм уу?

-Тэр орхигдсон байшинг одоогийн түрээслэгч, хөрөнгө оруулагч нар буюу 30 орчим хүмүүс нэгдэж,  ТББ байгуулж,  үйл ажиллагаа явуулсан байдаг. Тэр битгий хэл Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатын ээжийнх нь компани хүртэл байсан. Тухайн үед Ш.Үнэнбат оюутан байсан юм билээ. Гэтэл өөрийнхөө удирдаж байсан засвар хийчихсэн барилгаа одоо муудчихсан, муухай болчихсон гэж харуулж байна.

Ш.Үнэнбат гэж хүн их худлаа ярьдаг юм байна. НИТХ-ын тэргүүлэгч хийдэг хүн. Оны өмнө 25-р суваг телевизээр урт цагааны барилгыг нураана гэж ярьж байсан. Гэтэл өчигдөр нураах гэсэн ойлголт байхгүй. Харин түрээслэгчдээс чөлөөлөөд, лацдаад, үйл ажиллагааг нь зогсооно. Нураах асуудлыг дараа шийднэ гэж байгаа юм. Өвлийн хүйтэнд ажлын байргүй бид яах вэ гэхээр “Хүний асуудал дараа нь. Барилгын асуудал нэгдүгээрт” гэж хэлсэн. Ямар ч төр хүнийхээ аюулгүй байдлыг хангах талаар шууд бодох ёстой биз дээ. Түүний дараа барилга байгууламж орох ёстой. 

-Нураагаад шинээр барилга барих гээд байгаа юм  биш үү?

– Тийм асуудаг яригддаг. Гэхдээ урт цагааны энэ барилга бол Монголын хоёр дахь архитектур, гавьяат барилгачин Б.Дамбийням гэдэг хүний уран бүтээл. Азийн дурсгалт барилга. Тэр гудамжийг яагаад Жуулчны гудамж гэж нэрлэдэг вэ гэхээр талбайгаасаа  цааш яваад Туул ресторан гэж барилга байдаг. Тэрний цаана урт цагаан. Цаад талд нь шар дэлгүүр гэж бий. Найман шарга захын хойд талд жижиг ТҮЦ-үүд байдаг.

Тэрний цаана буланд нэг шар дэлгүүр байгаа. Одоо эмийн сан болчихсон. Тэр бол түүхэн дурсгалт дэлгүүр байхгүй юу. Нураах юм бол эхний ээлжинд түрээслэгчдийн эрх ашиг хохирно. Энэ хүмүүс ажлын байргүй яах вэ. Шууд ядуучуудын эгнээнд нэлээд олон айл, ам бүлийг оруулах шинжтэй боллоо. Нийтдээ 450 гаруй түрээслэгч байдаг. Нэг лангуу юм уу нэг дарханы ширээн дээр нэг айлын хоёр хүн ээлжилж суугаад амь зуудаг. Гэтэл түрээслэгч нарын асуудал дараагийн асуудал гэж яриад байдаг. 

-Урт цагаан гол нь хүн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Дээвэр нь бол муудсан. Нэлээд хөрөнгө гаргаж,  иж бүрнээр засах ёстой юм. Хүн үйл ажиллагаа явуулахаар боломжтой газрууд зөндөө байгаа. Боломжгүй газрууд нь  олон жилийн засвар хийгээгүй учраас тэр. 

-Одоо та бүхэн яах бодолтой байгаа вэ?

-Улсын онцгой комисст хүсэлтээ тавина. Хэрвээ лацдах юм бол бидэнд жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олго. Хүн ажлын байраа шууд алдахыг хүсэхгүй шүү дээ. Шүүхийн болон прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний ажлын байранд ямар нэг байдлаар халдах эрхгүй гэж бодож байна. Хэдийгээр түрээсээр ажиллаж байгаа ч гэсэн дархан, худалдагч, үсчин гэх мэт жижиг наймаа эрхлэгчид адилхан л өмчтэй байх эрхтэй, Хөдөлмөрийн хуулиар үйл ажиллагаагаа хэвийн явуулах Үндсэн хуулиар заасан эрхтэй. 

http://www.zaluucom.mn/ Б.БУРМАА