Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ.

Хамба Д.Чойжамц “XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж монголчууд билэгшээдэг. Гэхдээ Бурханы шашны гүн философийн үүднээс үзэхэд цаг хугацааны л үргэлжлэл юм. Тиймээс бид урьд нь ажил, амьдралынхаа төлөө, боловсрол мэдлэгтээ ямар амжилт гаргаж явсан бэ, түүний үргэлжлэл байгаа юм. Тиймээс бид ихэнхдээ жаргалтай сайхан амьдралын шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй сайхан байна гэж бодох хэрэгтэй.

Гэхдээ сүсэг бишрэлтэй хүн олон бий учраас шашин номын талаасаа цаг  хугацааг тооцож үздэг. Үүнийг мөн харгалзаж үзэх учиртай. Ерөнхийдөө энэ жил сайхан жил гарах янзтай. Ганц бурханы шашин биш дэлхийн олон шашинт хүн төрөлхтөн орчлон ертөнцийг тооцож, зурхайн зурлага зурдаг. Энэ ёсоор монголчууд эртнээс зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гарагийг гаргадаг уламжлалтай. Бидний өвөг дээдэс 1000 жилийн тэртээгээс Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тийм учраас Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр.

Энэ жилийн хувьд өтгөст ээлтэй сайн, нялхаст ширүүн жил гэж зурагдсан. Харин нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүр ширүүн гэж зурагдсан. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж улс орныхоо төлөө зүтгэж байгаа улсууд сүсэг бишрэлтэй бол үүнийг бодож, хууль зүйн дагуу, ёс зүйтэй, зөв сайхан ажлыг хийхгүй бол энэ жил хэцүү байхаар зурлага харагдаж байна. 

Жилийн дундуур үеэс өмнө бороо хур багатай, дунд үеэс хойш хор бороотой байх учраас тариа ногоогоо бүтэн авч чадна, харин мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан. Гэхдээ зурхай бол магадлал шүү дээ. Тиймээс сайн сайханд тэмүүлж бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд бол мэдэгдэхгүй. Нэлээн будилж яваа, хийморь сүлд нь гундсан, ажил нь бүтэлгүйтсэн хүмүүс анхаармаар л харагддаг. Энэ жилийн зурлагын хувьд ийм байна.

Шинэ жилийн засал номоо заавал энэ ханиад томуутай, хөл хорьсон үед хийлгэх гэж яараад хэрэггүй. Үүнийг өнгөрөхөөр бид тусгай цаг товлож, лам нар цагаан сараар хийдэг засал, гүрэм номуудыг тусгай уншиж өгнө.

Битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин олон нийтийг олноороо битгий ирээрэй. Засал номыг тусгай цаг гаргаж, үйлдэж өгнө” гэлээ.

https://www.ugluu.mn/