Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяраас тус хүрээлэнгийн үйл ажиллагаа болон Чингис хаан музейн ажлын явцын талаар тодрууллаа.

-Чингис  хааны өв, соёлын хүрээлэн байгуулагдаад удаагүй байна. Энэхүү хүрээлэнг байгуулах болсон үндэслэл, шаардлагын талаар тодруулмаар байна?

-Чингис  хаан бол Монголын төдийгүй хүн төрөлхтний бахархалт хүн. Үүний нэг илэрхийлэл нь 1995 онд АНУ-ын “Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүнээр тодруулан зарласан явдал. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гаргаж байлаа.

Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид ч Чингис хаан, түүний дэлхийн түүхэнд оруулсан гавьяа зүтгэл, хувь нэмрийг судалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсээр ирлээ. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд Чингис хаан болон XIII зууны үеийн Монголын түүх, соёлын талаар бодит тодорхой ойлголт хангалттай биш байна. Дээрээс нь зарим улс орны судлаачдаас Чингис хааны гарал угсааг өөрийн болгон өмчлөх хандлага сүүлийн үед нэлээд цухалзах боллоо.

Монгол Улсад Чингис хааны бие даасан эрдэм судалгааны байгууллага байгуулах шаардлагатай гэсэн саналыг эрдэмтэн судлаачид удаа дараагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дэвшүүлэн тавьсаар ирсэн байдаг.

Эдгээрээс үүдэн Их эзэн Чингис хаантай холбоотой түүх, соёл, бизнес эдийн засгийн асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, хуульчлах боломжийг судлан үзээд Монгол Улсын Засгийн газар 2019 оны ээлжит хуралдаанаараа Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

-Чингис хааны өв соёлын хүрээлэн ямар зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Манай хүрээлэн мянганы суут хүн Чингис хааны улс Монголынхоо болоод дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, өв соёлыг гүнзгийрүүлэн судалж, гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, улмаар Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсэгт чиглэж байна. Энэ нь Чингис хаан болон эзэнт гүрний үеийн түүх, өв соёлын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх мөн музей болон түүхэн аялал жуулчлалын цогцолборуудаар дамжуулан сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр оновчтой хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байна.

ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН 2019.09.09. энэ өдөр байгуулагдсан.

Gepostet von Chinggis khan heritage and cultural institute am Donnerstag, 13. Februar 2020

-Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоол гарч Чингис хаан музейг барихаар болсон. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр Чингис хаан музей байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсны дагуу музейг барьж байгуулах ажил эхлээд байна. Чингис хаан музейн ашиглалтын өмнөх ажлыг манай хүрээлэн хариуцаж байгаа.  

Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулагдаж, Чингис хаан музей байгуулах ажил эхлээд байгаа энэ үед Чингис хаан судлалыг хөгжүүлэх, Монголын эзэнт гүрний түүх соёлын судлалаар кино зохиол бичих, үзэсгэлэн гаргах, аялал жуулчлалын цогцолборт хөрөнгө оруулалт хийх зэрэг санал санаачилгууд нэлээд гарч байна. Мөн Чингис хааны төрж өссөн голомт нутагт Чингис хааны түүх, өв соёлыг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд илүү бодит хөрөнгө оруулалт хийж, оюун санааны төв болгох зорилгоор Монгол улсын Засгийн газар ажиллаж байна.  

Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, буурин дээр нь Чингис хаан музейн барилгыг босгохоор шийдвэрлэсэн. Музейн зураг төслийг архитектор Д.Балдан гаргасан. Гадаад хийц, хэлбэрийн хувьд эрдэмтэн судлаачдын саналыг тусгаж, Засгийн газрын түвшинд хэлэлцэн, музейн барилгын зураг төслийг баталсан. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, 2021 оны долоодугаар сард үүд хаалгаа нээх төлөвлөгөөтэй. Музейн бүтээн байгуулалтын төсөвт 53 тэрбум төгрөгийг улсаас төсөвлөөд байна.

Чингис хаан музейн барилга нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий нийт 20500 ам метр талбай бүхий 9 давхар байх юм. 7200 ам метр талбайд Хүннү гүрнээс эхлээд ХХ зууны Монгол хүртэлх хаад язгууртны түүх, өв соёлыг дэлгэн  харуулсан үзмэрийн танхим мөн Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн танхим гэсэн нийт 15 танхимтай байхаар төлөвлөсөн. Музейд дэглэгдэх их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлсийн жагсаалт гаргах, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулах, танхимын интерьер дизайн, төлөвлөлтийн ажил ид хийгдэж байна.

Ярилцсан Б.БАЯРМАА