Массачусетсын төв эмнэлгийн судлаачид тахал үүсгэгч ихэнх вирусийн “Ахиллын өсгий”(сул тал)-г олж, удахгүй бүх вирусийн эсрэг вакцин гаргаж авахад нэг алхам ойртсоноо зарлажээ.

Вакцин бүтээх ажил хөгжүүлэлт, туршилт зэргээс шалтгаалан урт хугацаа шаарддаг. Өдгөө Covid-19 вирусийн вакциныг гарган авсан ч туршилт, нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийсээр дор хаяж 14 сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна. Учир нь судлаачид тухайн вирусийг нэг, нэгээр нь нарийвчлан харж, онцлогийг нь судлахын тулд цаг зав, ур чадвар чухал шаардлагатай байдаг аж. Харин Массачусетсын төв эмнэлгийн судлаачид энэ бүхнийг бүрмөсөн өөрчилж, бүх хүн төрөлхтний биеийг ихэнх вируст тэсвэртэй болгоход ойрхон байна.

“Бидний гол зорилго бол хүний дархлааны систем хэрхэн ажилладгийг нарийвчлан судалж, нэг вирусийн эсрэг вакцин биш, ихэнх вирусийн эсрэг эмчилгээ олох юм” хэмээн судалгааны ажлыг ахалж буй Кэйт Жеффри хэлжээ.

Чухам бүх вирусийн “Ахиллын өсгий” хэмээгээд буй зүйл нь AGO4 гэгч энгийн протейн гэнэ. Уг протейн хөхтөн амьтдын эс вирус эсэргүүцэхэд онцгой нөлөөлдөг ажээ.

Судлаачид хулгана дээр туршилт хийж байхдаа AGO4 протейн дутмаг эсүүд л томуу төст өвчний вируст өртөмтгий байгааг олж мэджээ. Тиймд онолын үүднээс авч үзвэл хүний биеийн эсүүдийг AGO4 протейнээр сайн хангаж чадвал ямар ч вирус бидний биед хөнөөл учруулж чадахгүй болох гэнэ.

“Дараагийн алхам бол энэхүү протейн олон төрлийн вирустай тэмцэхдээ ямар сул талтай байгааг тодорхойлох явдал юм. Ингэснээр протейний үйл ажиллагааг дэмжих арга олж, бүх вирусийн эсрэг төгс дархлаа үүсгэхийг зорьж байна” хэмээн Жеффри хэлжээ.

Хийх ажил дэндүү их байгаа ч цаана нь биднийг бүх вирусийн эсрэг дархлаа, үхлийн тахлуудыг бүрмөсөн ялах ялалт хүлээж байна хэмээн судлаачид хэлж байна.

Эх сурвалж: rt.com, Б. АМАРБАЯСГАЛАН