УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 76 мандаттай 29 тойрог байх бөгөөд Улаанбаатарт 24, орон нутагт 52 мандаттай байхаар дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл өмнөх сонгуулийн үеэр 28 байсан Улаанбаатарын мандатын тоог дөрвөөр бууруулж орон нутагт нэмсэн.

Сөрөг хүчин тойрог байгуулах, мандатын тоон дээр эсрэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийслэлийн мандатыг хасаж, орон нутаг руу шилжүүлж айгаа нь нийслэлийн төлөөллийг хассан зүйл болж байна. Бүсчилсэн хөгжлийн дагуу бүсийн төвүүд гурван мандаттай байх ёстой. Тиймээс бүсийн төв биш аймгуудын мандатаас хасаж Улаанбаатарын мандатыг нэмэх ёстой. Улаанбаатар хотын сонгогчдыг гаргуунд нь гаргасан явдал болсон төдийгүй МАН нийслэлийн мандатыг хуулиар хулгайлж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд “Танай намын Хэнтийд хуваарилсан мандатыг харвал намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргадаа зориулсан, шогийн шог хуваарилалт хийж байна. Улаанбаатарын сонгогчдоос айж ийм хуваарилалт хийж байна” гэв.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат 77 мянган хүн амтай Хэнтийд 3 байхад 226 мянган хүнтэй дүүрэг 3 мандаттай байгаа нь ойлгомжгүй байгааг тайлбарлаж өгөхийг хүссэн юм.

Эдгээр асуултын хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гишүүд зөв ойлголттой байх хэрэгтэй байна. Дэгээрээ асуулт мандатын тоог хүн амын тоо, газар зүйн байршил гээд дөрвөн үзүүлэлтийг харгалзаж үзэх хуультай. Энэ дагуу тойрог, мандатын тоог тогтоож байна. УИХ-ын 76 гишүүн бүгд л Улаанбаатарт анхаарал тавьдаг. Дөрвөн дүүргээс мандат хассан юм биш. Зургаан дүүргээс жигд 6 мандат хасаж, 4-г нь орон нутагт, хоёрыг нь Налайх, Багахангай, Багануурт нэмсэн” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нийт мандатын 31 хувь Улаанбаатарт үлдэж, үүнийгээ хүч түрэн батлах нь ойлгомжтой болсон ч үр дүн нь сөрөг гэдгийг хэлсэн юм.

МАН-ын бүлгээс “Хөдөө аймгуудад 20 тойрог, 52 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Аймгуудын мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр тойрогтой болгосон. Сонгуулийн тухай хуульд олон мандат бүхий товлосон тойрогтой байна гэж заасан учир нэг тойрог, нэг мандаттай байж болохгүй. Тиймээс нэг тойрогтой байсан Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймгийг тус бүр хоёр мандаттай болгосон. Улаанбаатар хотод есөн тойрог, 24 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг тус бүр хоёр мандаттай болж байна” хэмээн мэдээлсэн.

Байнгын хорооны хуралдаанд 12 гишүүн оролцсон бөгөөд 8 гишүүн дэмжин, тогтоолын төслийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

http://gogo.mn/ Р.Адъяасүрэн