Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.Чинбат Бүгд найрамдах Солонгосын улсын Сөүл хотноо өнгөрсөн оны 12-р сард  элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Тэгвэл Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Мөн эрүүл мэндийн сайд Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг гаргажээ.

Бас нэгэн таатай мэдээ дуулгахад хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж  ӨвөрМонголын Өөртөө засах орны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан н.Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин  Ж.Үндэс нар хандивын аян зохион байгуулжээ. Аяны хүрээнд  45 сая гаруй төгрөг  цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх данс руу шилжүүлжээ.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарт туслах  “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аянг Монголын урлагийн салбарын уран бүтээлчид  өрнүүлж хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид  нэгдэн “Аравт” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.