Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ ухаалаг системд шилжсэнээс хойш таван жилийг ардаа орхижээ. Ингэснээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар хүргэхээс гадна үйлчлүүлэгсдийн тоо, орлого зэрэг тоон үзүүлэлтүүд тодорхой болсон. Гэвч бэлэн мөнгөөр зорчигчдын тоо буурахгүй байгаа аж. Тийм учраас автобус бүрт хяналтын ажилтнууд ажиллаж, бэлэн мөнгө төлж зорчсон зорчигчийг 10 мянган төгрөгөөр торгох болжээ.  

Энэ талаар Нийслэлийн Авто тээврийн хяналтын байцаагч Ш. Ганбаатар “Зорчигч картаа цэнэглэж, нийтийн тээвэрт картаар үйлчлүүлэх ёстой. Бэлэн мөнгө төлсөн зорчигчийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгоно. Харин мөнгө авсан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 25 мянган төгрөгөөр торгоно. Зорчигчдыг картаа уншуулж зорчиж байгаа эсэхэд хяналт тавихаар хяналтын ажилтнууд автобусанд явж байна. Мөн дүүрэг болгонд хяналтын группүүд ажиллаж байгаа. Нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч тээврийн хөлс төлсөн зорчигчийг л тээвэрлэх үүрэгтэй. Хэрвээ тээврийн хөлс төлөөгүй бол түүнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй” гэв.


Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих

14.6.1 Нийтийнтээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.6.9 Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.