Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн бөгөөд өнөөдрөөс эхэлж төвийн зургаан дүүргийн өрх бүрт тараах ажил эхэлж байна. Дүүрэг тус бүрийн хүн амын тооноос хамааран эхний ээлжид Хан-Уул 1285, Баянзүрх 5000, Чингэлтэй 3450, Баянгол 1422, Сонгинохайрхан 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн. Угаарын хий мэдрэгчийг зааварчилгаа, зөвлөмжийн мөн хамт тараана” хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэв.


Дараагийн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. Ингээд тасралтгүй гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил хийгдэж дуусах юм байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек “Өчигдөр нийслэлийн ЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэдгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд иргэд тасалгааныхаа агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай. Мөн түргэн тусламж руу залгах нь зүйтэй. Ногоон гэрэл нь 30 секунт тутамд анивчиж байна. Энэ нь тухайн угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх юм. Шар гэрэл нь мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ. Төхөөрөмжийг өрх бүрт гарын авлагын хамт тараана. Гарын авлага хоёр хувь байх бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална” хэмээн ярилаа.