Бизнес удирдлагын ухааны чухал салбар болох хүний нөөцийн салбарт 10 гаруй жил тасралтгүй ажиллаж, өдгөө автомашин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө зэрэг 6 салбарт төслүүд хэрэгжүүлэн 15 салбар компани, 2000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй Monnis Group-ын хүний нөөц хариуцсан захирал Батжаргалын БАТЦЭЦЭГ дараах зөвөлгөөг хүргэж байна.

Тэрээр Кембрижийн институтийг Хүний нөөцийн менежментээр төгсөж, улс төр, философийн мэргэжилээр давхар суралцсан. Мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, гишүүнчлэлийн хорооны даргаар ажилладаг.

1. АНКЕТАА ҮНЭН ЗӨВ БӨГЛӨСӨН БАЙХ

Ажил олгогч нэн түрүүнд таны анкеттай танилцаж, шаардлага хангана гэж үзсэн тохиолдолд ярилцлаганд дууддаг. Ярилцлагын үеэр таны бөглөсөн анкетийн мэдээллийг илүү дэлгэрүүлж асуудаг учраас анкетаа үнэн зөвөөр бөглөх нь чухал. Мөн анкет нь таны бичгийн соёл, энэ ажилд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа зэргийг илэрхийлэх нэрийн хуудас болдог учраас алдаагүй зөв, цэвэрхэн, үнэн зөв, гаргацтай бөглөх хэрэгтэй.

Ярилцлаганд уригдсан тохиолдолд өөрийн ур чадварыг нотлох бичиг баримтаа бэлдэж ирээд шаардлагатай гэвэл үзүүлж болно.

2. ЦАГ БАРИМТЛАХ

Ярилцлаганд дуудсан цагаас хоцрох нь үл хүндэтгэсэн, цаг баримтлах тал дээр муу гэсэн дүгнэлтийг шууд төрүүлж, таагүй байдлыг бий болгох аюултай учраас товлосон цагаас 10-15 минутын өмнө ирж, өөрийгөө бэлдэж ярилцлагандаа орох нь чухал юм.

3. ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ӨӨРТӨӨ SWOT ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БЭЛДСЭН БАЙХ

Strength – Давуу тал
Weaknesses – Сул тал
Opportunities – Боломж
Threats – Эрсдэл

Тухайн ажлын байранд үнэхээр ач холбогдол өгч, өөрийгөө сорих хүсэлтэй байгаа бол тухайн ажлын байр болон өөртөө SWOT анализийг ярилцлагын өмнө хийж  бэлдэх хэрэгттэй. Энэ ажлын байранд орсоноор ямар давуу болон сул тал, боломж болон эрсдэл байгааг, мөн өөрийнхөө давуу, сул талыг ярихаар бэлдэж, ямар боломж эрсдэлийг олж харж байгаагаа бичиж өөртэйгөө ярилцаж үзэх хэрэгтэй юм. Академик түвшинд суралцсан хүн ярилцлаганд орохоос өмнө энэхүү хүснэгтийг бичиж, өөртэйгөө ярилцах нь маш сайн бэлтгэл болно.

4. ЯРИЛЦЛАГЫН УУР АМЬСГАЛД ЗӨВ ОРОХ

Байгууллагын онцлогоос хамаарч тухайн ажлын байранд 1,2,3-р шатны ярилцлага хийх тохиолдолд байна. Тухайн ярилцлаганд орохдоо уур амьсгалыг зөв бүрдүүлж, мэндлэх, инээмсэглэхээс эхлээд өөртөө болон бусдад таатай уур амьсгалыг бий болгох хэрэгтэй. Мөн ярилцлаганд орж байгаа хүмүүсийг ажиглаж, асуултанд оновчтой тодорхой хариулж уур амьсгалыг зөв мэдрэх нь чухал байдаг.

5. ЦЭВЭРЧ ЭМХ ЦЭГЦТЭЙ ХУВЦАСЛАЛТ, БИЕИЙН ХЭЛЭМЖ

Ярилцлаганд орохдоо цэвэрхэн, ил задгай биш, ажил хэрэгч хувцаслах нь тохиромжтой. Мөн гадуур хувцас болон цүнхээ өөрт саад болохгүйгээр өөрөөсөө зайтай тавих ёстой, гадуур хувцастайгаа цүнхтэйгээ суугаад байдаг хүмүүс олон ажиглагддаг, энэ нь таагүй, тухгүй байдлыг илтгэдэг. Жижиг гэлтгүй биеийн хэлэмж, үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй.

6. ЗАЙЛШГҮЙ АСУУЛТУУДАД БЭЛТГЭЖ ИРЭХ, КОМПАНИЙН ТАЛААР СУДАЛСАН БАЙХ

Ярилцлаганд асуух боломжтой бүх асуултанд товч тодорхой хариулахаар бэлдэж үзвэл ярилцлагын үеэр сандрахгүй, бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн тухайн байгууллага, ажлын байрны шаардлага зэргийг судалж, гэнэтийн асуултанд бэлтгэлтэй байх нь танд сайн оноо авчирна.

7. АСУУЛТАНД ЦЭГЦТЭЙ, ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ИЛЭРХИЙЛЖ ХАРИУЛАХ, АСУУЛТ БОЛОН ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙ ЯРИАГ САЙН СОНСОХ

Ярилцлага хийж байгаа хүний асуултыг бүрэн сонсохгүй, яриаг тасалж өөрийнхөө яриаг эхлүүлэх нь их бүдүүлэг юм. Тиймээс асуултыг бүрэн сонсож, өөрийн зүгээс хамгийн оновчтой тодорхой хариултыг өгөх хэрэгтэй. Ярилцлагын үеэр хэт нуршуу ярилцлагатай хамааралгүй олон зүйлийг ярихгүй байх, ярилцлага хийж байгаа хүмүүст болон өөртөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм.

8. ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ БАЙХ

Аливаа асуултанд худлаа хариулахгүй, шударгаар хариулж өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх нь бусдад итгэл төрүүлэх болно. Олон жил ярилцлага хийсэн туршлагатай Хүний нөөц, удирдлагууд таны ярианы уялдаа холбоо, анкетийн мэдээлэл, хуучин ажлын газрын тодорхойлолт, цаашлаад биеийн хэлэмж, харц зэргээс таны яриаг үнэн худлаа эсэхийг дүгнэх чадвартай байдаг. Иймд бусдыг хуурахгүй, өөрийнхөө чадварыг үнэн зөвөөр, чадахгүй зүйлээ ч үнэн зөвөөр хэлж шударга, нээлттэй байх хэрэгтэй.

9. ЦАЛИН АСУУХАА АЗНАХ

Ажил олгогч таны цалингийн хүлээлтийг асуух болно. Тухайн ярилцлага хийж буй албан тушаалд тодорхой цалингийн төсөв байх бөгөөд таны саналыг харьцуулан шийдвэр гаргах тохиолдол ч байна. Харин та өөрөө энэ ажил надад хэдэн төгрөгний цалин өгөх вэ гэж асуух хэрэггүй, учир нь та тухайн ажлын байрны шаардлагыг хангасан тохиолдолд ажил олгогч танд дараагийн шатанд цалин санал болгох болно, иймээс яарах хэрэггүй.

10. ТӨГСГӨЛ ХИЙХ

Танд өөрт ойлгомжгүй үлдсэн асуулт байвал ажил олгогчоос нэрэлхэлгүй ажлын байрны талаар, баг хамт олныхоо талаар г.м сонирхсон асуултаа асууж болно. Мөн ярилцлагын төгсгөлд талархал илэрхийлж, төгсгөл хийх нь соёлч боловсон байлыг тань илтгэх болно.

Амжилт хүсье!