“Фантастик” продакшн үүсгэн байгуулагдсаны 10 жил, Скайтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино 9-р сарын 21-ний өдрөөс эхлэн NTV болон STAR телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ.
Энэхүү кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо” дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээж, сайшаан магтуулж буй залуу жүжигчин Д. Хуланг энэ удаагийн фото мэдээ булангаараа онцолж байна.
Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн дөрөвдүгээр курсэд суралцдаг бөгөөд гуравдугаар курсэд орсон намраа “Фантастик” продакшний “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны пробонд орж тэнцжээ.

Д. Хулан дүрээ сайн бүтээхийн тулд найруулагч Б. Тамирын зөвлөснөөр “Дайны цэцэгс”, “Малена” зэрэг киног үзэж, туршлага судалсан байна.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа”Тогосоогийн дүр нэлээн хүнд байсан. Анхны уран бүтээл дээрээ ажиллаж байгаа болохоор учраа олохгүй самгардаж байсан ч энэ хүмүүсийн уран бүтээлийг “алчихгүй” юмсан, баг хамт олондоо төвөг учруулахгүй юмсан гэж их хичээж ажилласан. Найруулагч Б .Тамир “Дайны цэцэгс”, “Малина” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлсэн. Зөвлөсөн кинонуудыг нь үзээд миний дүр ийм дүр юм байна гэсэн ойлголттой болж, өөртэйгөө ажилласан” хэмээн ярьжээ.