2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцид дэлхийн 146 улсын нэгдэн орсон. Энэхүү конвенц нь соёлын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх, чадавхийг сайжруулахад чиглэгдсэн. Монгол Улс тус конвенцид 2007 онд элссэн юм.

Монгол Улс 2017 оноос тус конвенцийг хэрэгжүүлэхэд идэвхтэй, зохион байгуулалттай ажиллаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний үр дүнд Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-оос 2019-2020 онд хэрэгжүүлэх SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр шалгарсан. Мөн 2019 оны зургаадугаар сарын 04-07-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо хуралдсан конвенцын оролцогч талуудын Бага хурлын 7-р чуулганаар анх удаа Ази, Номхон далайн бүлгээс Монгол Улс нэр дэвшиж 2019-2022 онуудад Засгийн газар хоорондын хороонд гишүүнээр сонгогдож, конвенцын хүрээнд аливаа гарах шийдвэрт шууд оролцох боломж бүрдсэн юм.

SIDA-II төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хариуцан хэрэгжүүлж байна.

Конвенцын үзэл санаа агуулга, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж амжилт олж буй Өмнөд Солонгос, Франц, Канад улсын тэргүүн туршлагаас нэвтрүүлэх зорилгоор мөн конвенцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний багийг чадавхжуулах сургалтыг 2019 оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөх, Канад фильмийн хөтөлбөрийн бодлого зохицуулагч, Чарьлз Валтнер болон Монгол Улсаас ЮНЕСКО-гийн олон улсын шинжээчээр томилогдон ажиллаж байгаа Ж.Бодьбаатар нар удирдан явуулсан. Мөн Япон улсын Канагава мужийн Соёл, урлагийг дэмжих зөвлөлийн мэргэжилтэн, Ази-Номхон далайн бүсийн шинжээч Хироко Цубой нар болон ЮНЕСКО-ийн төв болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтран ажиллалаа.

ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо чухлаар тавигддаг тул Монгол Улсад конвенцын хэрэгжилтийг хангах, дөрвөн жил тутамд гаргадаг тайлан боловсруулж бэлтгэх үндэсний багийг бүрдүүлэн энэ удаагийн сургалт семинарыг зохион байгуулсан юм.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийг хангах, Монгол улсын тайлан бэлтгэх албан ёсны үндэсний багийг бүрдүүлж ажлаа эхэллээ.