ОХУ-ын нутаг дэвсгэрт асаж байсан ой хээрийн бүх түймрийг унтрааж дуусгаснаа тус улсын Ой Тайгыг Галаас Хамгаалах Газар өнөөдөр мэдээлжээ.

“2019 оны есдүгээр сарын 30-ны шөнийн 12:00 цагийн байдлаар Оросын нутаг дэвсгэрт ганц ч гал түймэр бүртгэгдээгүй байна” гэж тус газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Дөнгөж өчигдөр буюу Ням гарагт тус улсын нутаг дэвсгэрт нийт 94 гектар талбай хамарсан долоон түймрийн голомтыг унтраахаар 100 орчим хүн, 24 техник хэрэгсэл, 13 нисэх онгоц ажиллаж байсан юм.

Энэ онд ОХУ-ын 31 муж, бүс нутагт ой хээрийн гал түймэр гарсан. Эдгээрээс Красноярск, Эрхүү, Буриад, Байгалийн чанад, Якутын нутагт долдугаар сард гарсан түймэр хамгийн том нь байсан юм.

2019 онд гарсан гал түймрийн нийт хохирлыг долоон тэрбум рубльтэй тэнцэж байгааг ОХУ-ын засгийн газар мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn