Өнгөрсөн амралтын өдөр  /2019.09.01/ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг хуулийн хэрэгжилтийг хангаж өөрийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад албаны хүмүүст танилцуулж, мал угаалгын үзүүлэх сургалтыг Архангай аймгийн Булган суманд  зохион байгууллаа.Үзүүлэх сургалтаар суурин баннд болон зөөврийн угаалгын төхөөрөмжөөр бог малыг угааж, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамруулсан юм. Анхан шатны нэгж буюу баг, сум суурин баннтай болсноор богино хугацаанд түргэн шуурхай малаа угаалгад хамруулах боломж бүрдэж байна.  Мөн уг банныг цаашид олон жил ашиглах боломжтой учир төсөвт ч хэмнэлт гарч байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолж байлаа. Монгол малыг эрүүлжүүлэх аяныг Архангайчууд санаачилж, баг бүр суурин баннтай болж байна. Цаашид улс даяар 1500 гаруй баг бүрт суурин банныг суулгаснаар нэг жилдээ 500-600 тэрбум төгрөгийн ашигтай байх боломжтой гэдэг тойм судалгааг гаргасан байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мал угаалгад малчдыг бүрэн хамруулахын тулд суурин болон зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр, хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжоор хангах ажил ийнхүү орон даяар өрнөж байна. Энэ жилээс эхлэн малын угаалгыг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж байхаар болсон гэдгийг тодотгосон юм.

Чанарын шаардлага хангахгүй байгаа учир хонины нэхий үнэгүйдсээр өнөөдөр 500 төгрөгний үнэ хүрэхгүй байна. Тэгвэл мал сүргийг тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд нь  бүрэн хамруулснаар арьсны  шимэгчтэх  өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулахад чухал  ач холбогдолтой байдаг. Ийнхүү Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн улс орон даяар хэрэгжиж эхнээсээ тодорхой үр дүн гарч эхлээд байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.