ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар өнөөдөр /2019.09.02/ Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор цахим орчинд  буруу ташаа мэдээллүүд цацагдаж байна. Өчигдөр орой гэхэд хоёр өдөр замыг бүхэлд нь хаана гэсэн мэдээлэл тархаж, үүнд иргэд их бухимдсан. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өндөр хэмжээний зочид төлөөлөгчид өнөө орой ирэх үед түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм” гэв.

Өнөөдөр орой /2019.09.02/ “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин хэдэн цагаас хэдэн цагийн хооронд зам хаах тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Маргааш /2019.09.03/ Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаах аж.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас нэмж  тодруулахад  “Өнөөдөр ажлын цагаар тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Харин зочид төлөөлөгчийг нисэх онгоцны буудалд буух үед Буянт Ухаагаас, Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлж хөдөлгөөнийг явуулна. Өмнө нь өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг айлчлах үед Тээврийн цагдаагийн албанаас бусад байгууллагуудтай хамтран дээрх зохицуулалтыг тогтмол зохион байгуулдаг байсан. Маргааш зочин төлөөлөгчид хотын төвөөр хөдөлгөөнд оролцох үед цагийн хязгаартайгаар сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр хөдөлгөөнийг хаана. Үүнийг иргэд буруу ойлгож хөдөлгөөнийг бүрэн хаана гэхээр тэр өдөр явахгүй гэж буруу ойлголт авсан байна. Тийм зүйл байхгүй” гэв.