Зуны дэлгэр сайхан цаг ирж хур бороо тэгширч улс, аймаг сумдын наадам өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Уламжлал ёс заншилаа хүндлэн дээдэлж, ураг төрөл саднаараа баярлан цэнгэж, хэний морь хурдан, хэн гэдэг бөх бэлтгэл сайтай байж, ямар харваач мэргэн байхнуу гэсэн эрийн гурван наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг нь Монголчууд бидний эрт дээр үеэсээ уламжлан ирсэн хамгийн том өв соёл билээ. Монгол орны маань хамгийн отгон сум үүсгэн байгуулагдаад 7 жил болж байгаа арав гаруй мянган хүн амтай Бор-Өндөр сум энэ сарын 3, 4-нд баяр наадмаа тэмдэглэхээр болсон байна. Бор-Өндөр  хэмээн нутгийн зон олны дээдлэн шүтдэг хайрханы наадам, ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраа давхар хийх юм. Нутгийн зөвлөлийн санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү овооны наадамд нутгийн удирдлага болон сумаас төрөн гарсан төрийн түшээ, урлаг соёл, спортын одод, бизнесмэнүүд болон нутгийн зон олон нэгэн дор цугласан өргөн дэлгэр наадам болох юм байна. Наадмын бай шагнал бүс нутаг, аймгийн наадамтай дүйцхүйц бөгөөд 6 насны морь уралдуулж, 124 бөх барилдуулж, шагай, сум харваа гэсэн эрийн гурван наадам болох бөгөөд бай шагнал нь түрүүлсэн бөхөд 1,5 сая, түрүүлсэн морьдод тус тус 1,5 сая, шагай, сурын харваа 500 мянга гэх мэтчилэн доошоо байлах бөгөөд нийт шагналын сан 40 сая төгрөг хэмээн наадмын комиссоос мэдээллээ. Бор-Өндөр сумын онцлог нь уулын баяжуулах үйлдвэртэй, уул уурхайн хөгжиж буй хөгжингүй сумын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд ирээдүйд улам хөгжин дэвшинэ хэмээн нутгийн удирдлагууд хэллээ.