Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэллээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 05 минутад гишүүдийн 81.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

  Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов.  

   Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

 Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүйг онцгойлон анхааруулсан. 

    Мөн олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай гэв.

 Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайх хэрэгтэй гэдгийг дурдаад хоёр хөрш болон дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэгдлээ.

   “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй  гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн.

  Түүнчлэн тэрбээр, 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө минь байна. Тиймээс илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг гишүүдэд анхааруулаад энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.  Улмаар эдгээр хоёр үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ нь парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал гэдгийг тодотгосон. 

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм. Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.

   Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэж байлаа.

   Г.Занданшатар дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирснийг тодотгоод үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр болсныг дуулгаад энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалав.

  УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Дараагийн мэдээ

Шилдэг багш нарын ур чадвар, заах аргыг өвлүүлэх, сурагчдын хоцрогдол арилгахад хамтран ажиллана

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
1
Хуваалцах