Нийслэлийн иргэд дархлаажуулалтандаа идэвхитэй хамрагдвал ”шар” түвшинд шилжих боломжтой

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ.  Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт  85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс  газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа.  Өнөөдрийн байдлаар  Баянголд тав,  Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн  байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь  бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба  хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн  дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.

Сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш”  ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай  сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Хүндрэлтэй асуудал гэвэл шуудайны хүрэлцээ байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Total
0
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ ХАЙЛЛАА

Дараагийн мэдээ

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЗАМЫН-ҮҮД ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАЛАА

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

160 см-ээс доош өндөртэй хүн автобусанд суухыг хориглоно

Нийслэл хотын хувьд нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал болон шаардлага хангахгүй нийтийн тээврийн автобуснууд хэзээд асуудал болж ирсэн. Нийслэл…
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын…
Total
0
Хуваалцах