Хятад 2021 он гарснаас хойш шатахууны үнээ 12 удаа нэмжээ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2021 оны 1 дүгээр сараас хойш тогтмол өссөөр байна. Саудын Араб улс өөрийн өдрийн олборлолтоо 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл болов. Үүний хажуугаар дэлхий даяар ковидын “Delta” хувилбарын тархалт эрчимжиж буй нь эдийн засгийн сэргэлт удааширч, газрын тосны эрэлтийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол ч үүсээд байна. Энэ мэт шалтгааны улмаас Сингапурын /2021.07.14/ бирж дээрх арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 1.07 хувиар өсч, баррель нь 76.30 ам.долларт хүрэв. Мөн Брент төрлийн газрын тосны үнэ 1.14 хувиар өсөж, 76.30 ам.доллар болсныг “Oil price” мэдээллээ.

“Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бол “JPMorgan” энэ оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгааг мөн танилцуулсан. Манай хөрш орнууд ч цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй тулж, газрын тосны үнэд өөрчлөлт орж эхэлснийг албан ёсны эх сурвалж болох www.globalpetrolprices.com мэдээллээ. Тухайлбал, 2021 оны 7 дугаар сарын эхээр БНХАУ-д АИ-92 шатахууны литр тутмын үнэ 3274 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. Хятад улс он гарснаас хойш шатахууны үнээ нийт 12 удаа нэмсэн нь дэлхийн газрын тосны үнийн өсөлттэй шууд холбоотойг тус сайт онцолсон байна.

Манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэ ч гадаад зах зээл, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамааралтай. Төр засаг, салбар яам, харъяа газрын зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн шатахууны жижиглэнгийн үнэд хөнгөлөлт үзүүлж, төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр хямдруулсан. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш байнга өссөөр байгаа ч, манай улсын хувьд АИ92 бензиний онцгой албан татварыг төрөөс тэглэж, үнэд өөрчлөлт оруулахгүй байх бодлого хэрэгжсэн. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний АИ-92 бензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны 5-р сараас хойш Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тус тус тогтвортой барьж байна. Гэвч шатахууны үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал гэдгийг холбогдох албаныхан урьдчилан анхааруулсаар байгаа. Шатахуунаа 100 хувь импортоор хангадаг манай улсын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал юм. Уг үйлдвэр БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй 1,236 тэрбум төгрөгийн зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Дараагийн мэдээ

Ажлын байрны дарамт үзүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ажлын байрны дарамт үзүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2021 оны 5…
Дэлгэрэнгүй унших

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7…
Total
1
Хуваалцах