Токиогийн Олимпыг цуцлах тухай өргөх бичигт 350 мянган гарын үсэг цугларчээ

Токиогийн Олимпын наадмыг цуцлах тухай өргөх бичигт баасан гаргийн байдлаар 350 мянга гаруй ​​гарын үсэг цугларчээ.

Гарын үсэг цуглуулах ажлыг Японы нийгэм, улс төрийн зүтгэлтэн Кенжи Уцуномия эхлүүлсэн байна. Тэрбээр Токио хотын захирагчийн сонгуульд гурван ч удаа оролцож байсан бөгөөд 2010-2011 онд Японы өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж байжээ.

Өргөх бичгийг тавдугаар сарын 17-нд Японд айлчлах гэж буй Олон улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах, Олон улсын Паралимпын хорооны дарга Эндрю Парсон, Японы Олимпын наадмын хэрэг эрхлэх сайд Тамаё Марукава, Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото, Токио хотын захирагч Юрико Киокэ нарт хаягласан байна.

Энэ сарын 5-нд интернэтэд байрлуулсан уг өргөх бичигт дэлхийн хэд хэдэн бүс нутагт халдварын байдал сайжраагүй, вакцинжуулалт хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах боломжгүй гэж онцлон тэмдэглэжээ. 

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Дэлхий даяар халдварын нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулан Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн. Харин спортын байгууламжуудад оруулах Японы үзэгчдийн тоотой холбоотой шийдвэрийг зургаадугаар сард гаргах төлөвтэй байна.

“Kyodo” агентлагаас саяхан явуулсан судалгаагаар, Японы иргэдийн 72.2 хувь нь Токиогийн Олимпыг цуцлах эсвэл дахин нэг жилээр хойшлуулахыг дэмжжээ. Олимпын наадмыг зохион байгуулахыг Японы эмч нарын үйлдвэрчний эвлэл эсэргүүцсэн байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

“DarkSide” бүлэглэлийн хакерууд “Toshiba”-гаас нууц мэдээлэл хулгайлжээ

Дараагийн мэдээ

Монголын Банкны Холбооноос ХӨСҮТ-ийн эмч нарын өрөөг тохижууллаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Конго улсад галт уул дэлбэрсний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар зүүн нутгийн Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан оршин суугчдыг…
Total
1
Хуваалцах