Насанд хүрсэн хүн амын 37 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд байрлаж буй дархлаажуулах цэгийн ажилтай өнөөдөр танилцлаа. 

Нийслэлд суурин болон явуулын нийт 150 гаруй дархлаажуулах цэг ажиллаж байгаа бөгөөд уртасгасан цагаар буюу 09.00-20.00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Өнөөдрөөс 18-аас дээш насны хүн бүр дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон бөгөөд иргэд өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх аж. Мөн орон нутгийн хаягтай, эсхүл гадаад иргэн ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.

Уртасгасан цагаар дархлаажуулах ажилд оролцож буй эмч, эмнэлгийн ажилчдад ажилласан цагаар нь урамшуулал олгох асуудал удахгүй Дэд сайдын тушаал гарснаар шийдэгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр мэдээлэв. Тус дархлаажуулах цэг байрлаж буй Баянзүрх дүүргийн хувьд, вакцины нэгдүгээр тунд 163 мянга, хоёрдугаар тунд 63 мянган хүнийг хамруулжээ. Дүүргийн хэмжээнд нийт 26 цэгт, 580 эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар ажлаа авснаас хойш эхний 100 хоногт багтаан дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж буйг, нийслэлд буй зорилтот хүн амаа вакцины нэгдүгээр тунд 5 дугаар сарын 10 гэхэд бүрэн хамруулах зорилттой ажиллаж байгааг тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс насанд хүрсэн буюу нийт зорилтот хүн амынхаа 37 хувийг вакцины эхний тунд хамруулсан үзүүлэлтээр Азийн орнуудаас тавдугаарт эрэмбэлэгдэж байгааг онцолж, өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны хүн бүр өөрт хамгийн ойр дархлаажуулах цэгт очиж вакцин хийлгэх боломжтойг дуулгав. Түүнчлэн “КОВИД-19″-гүй зунтай золгох зорилт дэвшүүлсэн тул бүхий л боломжоо дайчилна” хэмээгээд цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтан, тусгай чиг үүргийн болон төрийн албан хаагчдад талархав. Мөн коронавирусний халдварын улмаас эрдэнэт хүний амь эрсдэж байгаад эмгэнэл илэрхийллээ.  

Тэрбээр, “Мутацид орсон коронавирусний хувилбар Монгол Улсад орж ирсэн муу мэдээ байна. Вакцин мутацид орсон хувилбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа дэлхийд бүрэн хийгдээгүй байгаа. Манай эрдэмтэд, мутацид орсон коронавирусний монгол хувилбар гарах магадлалтайг сануулж байна. Тиймээс хүн бүр сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хөл хорионы хугацааг маш хариуцлагатай өнгөрүүлэх шаардлагатай” хэмээн тодотгов. 

Хөл хорио дуусмагц нийслэлийн дархлаажуулах цэгийг цөөлж, орон нутаг руу дайчилна гэдгийг тэрээр мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглээд, түүнээс өмнө нийслэлийн иргэдийг  хүн хоорондох зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан  вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 769 451 хүн вакцины нэгдүгээр тунд буюу зорилтот бүлгийн 37 хувь нь, хоёрдугаар тунд 282 163 хүн буюу зорилтот бүлгийн 14 хувийг хамруулжээ. Улаанбаатар хотод дархлаажуулах ажилд 297 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монгол – Морьт харваа

Дараагийн мэдээ

“Вероселл” вакцины 334 400 тунг тээвэрлэн авчирлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Дэлгэрэнгүй унших

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай…
Total
1
Хуваалцах