Хөл хорионы дараах ААН-үүдийн нөхцөл байдал

Монгол улсад хөл хорионы дэглэмийн олон янзын хэлбэрийг нэг тогтоож нэг сулруулсаар бүтэн жилийг ардаа орхижээ. Манайхан КОВИД-19-ийн халдвар, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ эрт авсан. Арай дэндүү ч гэмээр эртнээс. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсад батлагдсан тохиолдлууд хэдийгээр бага байгаа ч COVID-19-ийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ААН-ийн үйл ажиллагаа зогссоноор айл өрхийн амьжиргаанд цочир нөлөөлж байгаа. Удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорионы улмаас төрийн албанаас бусад салбарын ажиллах хүчинд бүхий талаар нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээд буй. COVID-19-ийн өрхийн төвшинд үзүүлэх нөлөөллийг хянах зорилгоор Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Дэлхийн Банк хамтран COVID-19 өрхийн хариу арга хэмжээ авах зорилгоор судалгаа явуулжээ. Уг судалгаанаас ажиглагдсан гол тоон үзүүлэлт нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% цар тахалтай холбоотойгоор ажлын байраа алджээ. Гэсэн хэдий ч тэдний 60% хөл хорионы дараа дахин ажиллах боломжтой байгаа нь цаашид хоолтой хонох эсэх гэх мэт бүхий л асуудал зөвхөн засгийн газрын гарт байгааг илтгэнэ.  

Вирусийн тархалтыг хязгаарлах засгийн газрын хатуу арга хэмжээ нь аж ахуй нэгжүүдэд тодорхой бөгөөд шууд нөлөө үзүүлсээр. Иймд Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн дэмжлэг хувь хүн, ​​пүүсүүдийн чадавх, тэдгээрийн зах зээлийн интеграцын төвшинд үйлчилж буй хэлбэр зэрэгт авах бодлогын хариу арга хэмжээнээс ихээхэн зүйл шалтгаалах нөхцөл байдалд тулж ирээд байна. Бүр нарындаа бол аж үйлдвэрийн салбар, ААН байгууллагын цаашдын орших тогтнох эсэхэд засгийн газрын баримтлах бодлого шийдвэрүүд шууд хамааралтайгаар өрнөх аюултай тулгараад байна. Цаашид хөл хорио дахин тогтоогдох аваас байдал хэрхэн дордохыг хараад суухаас өөр чадах зүйл ААН-үүдэд байхгүй мэт.

Хөл хорионы дэглэмийг сулруулаад байгаа энэ үед тодорхой бус байдал, жигд бус нөлөөллийн орчинд бодит сэргэлтийн талаар ярих нь эрт байгаа боловч өнгөрсөн оны хатуу хөл хорионы дэглэм суларсан 10, 11 сард эдийн засаг огцом сэргэх хандлагатай байсныг МҮХАҮТ-аас авсан судалгааны үр дүн харуулсан. Гэвч цар тахлын хямрал эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж байгаа одоо үед нөхцөл байдал хаашаа ч эргэх боломжтой тул пүүс компаниуд төрөөс санхүүгийн туслалцаа, дэмжлэг авах зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн олон бодит жишээ харуулсаар. Дэлхийн ихэнх улс орны авч хэрэгжүүлж буй арга хэлбэрт засгийн газраас пүүсүүдийн оршин тогтнох боломжоор хангах богино хугацааны онцгой байдлын арга хэмжээнээс COVID-ийн дараах “шинэ хэвийн байдал” -д бэлтгэх дунд, урт хугацааны бодлогод илүү анхаарал хандуулах болжээ. Аж үйлдвэржсэн олон орнууд бизнесийн загварыг шинэ чиглэлд шилжүүлэхээр аль хэдийнээ ханцуй шамдан орсон байгаа боловч хөгжиж буй орнууд санхүү, техникийн чадавхтай холбоотой  бэрхшээлтэй тулгарсаар байна. Ийм байдлаар хөгжиж буй орнуудын ААН-үүдэд учрах эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй үр дагаврууд бодит хэвээр.

Ямартай ч уг өвчин хэрхэн ажилладаг хэрхэн дамждаг зэрэг өөрсдийгөө хамгаалж чадахуйц хэмжээний судалгаатай болсон дэлхий эргэн хивэндээ орж тогтвортой өсөлт авчрах өдрүүд удахгүй ирнэ хэмээн итгээд л сууя даа.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Бүтэн төлбөр хагас боловсрол

Дараагийн мэдээ

Дэлхийн анхны ухаалаг Маск

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдлээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн хэлэлцүүлэг эцсийн байдлаар дэмжигдлээ. УИХ-ын 2020…
Total
1
Хуваалцах