Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 24 дэх удаагийн буюу энэ оны сүүлчийн хуралдаан боллоо. Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч Хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажиллалаа.
“Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа
Өнөөдрийн хуралдаанаар нийт 35 асуудал үүний дотор цаг үеийн хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайлбал, Хорооны 2019 оны дөрөвдүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номинал дансны зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.
Журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж шууд бус хэлбэрийн дансны тогтолцоог нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дотоодын зах зээлд татах, үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулах, үнэт цаасны зах зээлийн хөрвүүлэх чадварын түвшинг дээшлүүлэхэд шаардлагатай үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх харилцаа бий болно.
Мөн “Мандал даатгал”, “Бодь даатгал” ХК-иудын томоохон хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлөх, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Райнос инвестмент ҮЦК” ХХК-д үнэт цаасны зах зээлд диллерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгох, УИХ-аас баталсан 2020 оны 21 дүгээр тогтоол “Зээлийн хүүг бууруулах стратеги”-тай уялдуулж “Инвескор актив ТЗК” ХХК-аас гаргасан автомашины зээлийн багцаар баталгаажсан үнэт цаасны хүүг 16.4-14.4 хувь буюу 2 пунктээр буулгахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн “Сүү” ХК-ийн олон нийтэд санал болгохоор нэмж гаргасан хувьцааг танилцуулах, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах хугацааг “Covid-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс ажлын 20 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.
Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй