Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн нэг ажилтнаас PCR шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн болох мэдээллээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Цагаан давааны хогийн цэгт Covid-19-ийн эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон гэлээ.
Дүүргийн нутагт дэвсгэрт цар тахлын голомт үүссэн тохиолдол цагдаагийн байгууллага 14 хоногийн хамгаалалт, тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа.
Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болсон иргэдийн оршин суугаа газруудыг цагдаагийн хамгаалалтад авсан. Хамгаалалтад орсон орц, байруудад ариутгал хийж, цагдаагийн байгууллага тандалт судалгаа авдаг. Үүн иргэд айж, түгших хэрэггүй.
Тусгаарлагдсан орон сууцны иргэдээс мэргэжлийн байгууллага гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана.
Иргэд гэрээс гарах боломжгүй учир айлуудтай утсаар холбогдож, долоо хоногт хоёр удаа хоол хүнсний хүргэлт хийж байна.
