Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжидтэй хөл хорионы үеийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ХЭҮК-ын гишүүд шинээр бүрэлдэж ажлаа хүлээж аваад cap орчим болж байна. Энэ хугацаанд ямар ямар ажлууд хийж амжуулав?
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5-т заасан хяналт тавих ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хийлээ. Юуны өмнө уг хуулийн хэрэгжилтийн талаарх шуурхай үнэлгээ хийсэн.
Коронавирусийн халдвар дотоодод тархаж хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой Эмээлт, Баянзүрхийн тээврийн товчоо, Өлзийт, 22-ын товчоо, шинжилгээ авах цэгүүд, Түр хамгаалах байрууд, Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй газрууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай анги, Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо зэрэг нийт 30 гаруй объектод очин ажиглалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.
Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс зөвхөн бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой хүний эрхийн асуудлаар ирүүлсэн 80 гаруй гомдол, шуурхай үнэлгээ болон нөхцөл байдалд хийсэн ажиглалтад үндэслэн УОК-т хоёр зөвлөмжөөр 14 асуудлыг, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд нэг санал, УОК-ын Шуурхай штабд нэг санал тус тус хүргүүллээ. УОК-ын төлөөллийг хүлээн авч хамтран ажиллахаар ярилцлаа.
Монголын Эмнести Интернэшнл ТББ-тай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх” сэдвийн хүрээнд Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, ХЭҮК-ын байр суурь, саналыг илэрхийллээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мониторингийн нэгдсэн тайлан болон уг хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой саналыг боловсруулж байна.
-Хөл хориотой, цар тахал дэгдсэн үед хүний эрх хаана, хаана зөрчигдөх эрсдэл өндөр байна вэ?
-Энэ үед өөрийгөө хамгаалах, илэрхийлэх боломж хомс бүлгүүдийн эрх хөндөгдөх магадлал өндөр байна. Тухайлбал, бага насны хүүхэд, асрамжийн газар, хамгаалах байранд байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорих ангиудад хүмүүжиж байгаа иргэд зэрэг анхан шатны хэрэгцээ нь бусдаас хараат бүлэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд байна.
Албан бус секторын хөдөлмөр эрхлэгчид, тэрэг түрдэг, ачаа зөөдгөөс авахуулаад оёдолчин, үсчин, үйлчилгээний салбарын өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг иргэдийн амьжиргаа эрсдэлд орж байна. Тэд улсаас халамж авдаггүй, ажилтай байхдаа амьдралаа болгоод л явдаг.
Өөрсдийнх нь хүчин чадал,боломж бололцооноос хамаарахгүй бусдын дэмжлэг, шийдвэрээс хамаарч эрх эдлэх, амьжиргааны үр дагавар нь тодорхойлогдох тэр хэсэгт л хамгийн их анхаарах ёстой.
-Энэ оны хоёрдугаар сараас эхлэн манай улс коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бол арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад cap гаруй хугацаа өнгөрсний дараа дахин бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Цаашид дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж магадгүй ийм нөхцөл байдалд хүний эрхийн дүр зураг өөрчлөгдөж байна уу?
-Энэ цар тахал нь дэлхий нийтийн өмнө шинэ сорилтыг үүсгэж байна. Хүний эрхийн дүр зураг ч өөрчлөгдөж байна. Энгийн үед анхаарлын төвд байдаг байсан,асуудлууд өмнөхөөсөө хоёр дахин илүү анхаарал шаардаж байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хүний эрхийн зөрчлийн араас явах биш, иргэд амь, нас, эрүүл мэндээрээ хохирохоос өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоогоо хэрхэн ажиллуулахад анхаарч шуурхай ажиллахыг зорих цаг болоод байна.

Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн асуудал шууд хөндөгдөж байна. Хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулж, эмнэлгийн тусламж авах.амь насаа баталгаатай байлгахад гаргасан шийдвэрийн үр дагавар, нөлөөг тооцож байх л хэрэгтэй байна. Бусад орны авч хэрэгжүүлж байгаа бодлого болон манай улсын бодлогыг харьцуулж үзэхэд бодлогын зөрүүтэй байдал их байна.
өөр орны туршлагаас харахад эцэг, эх нь ажил үүргээ заавал биечлэн гүйцэтгэж байгаа бол хүүхдүүдийг нь тусгайлан сургууль, цэцэрлэгт хамруулж байна
Жишээ нь, манай улсын Засгийн газраас 12-оос доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангах ёстой гэж заасан. Гэтэл бага насны хүүхэдтэй ч ажлын шаардлагаар зайлшгүй ажиллах шаардлагатай сувилагч, эмч, цагдаа, дотоодын цэргийнхэн, онцгой байдлын байгууллага, гудамж талбайн цэвэрлэгч, жолооч зэрэг ажил үйлчилгээ эрхэлдэг ажилтан, албан хаагчдын ар гэрийн асуудал, хүүхдэд анхаарал тавих тухай анхаарлаас гадуур үлдээд байна.
Харин өөр орны туршлагаас харахад эцэг, эх нь ажил үүргээ заавал биечлэн гүйцэтгэж байгаа бол хүүхдүүдийг нь тусгайлан сургууль, цэцэрлэгт хамруулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар тусгасан.
Тиймээс хөл хорионы үед бий болох бүхий л эрсдэлийг тооцож, хараа хяналтгүй хүүхдүүд гэртээ үлдэж болзошгүй үед ямар арга хэмжээ авах, гэр бүлийн хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын тухайд бүртгэл, хяналт, мониторинг, хариу арга хэмжээ, тусламж дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө, тооцоо, хэрэгжилт хэрэгтэй байна. Манайхан шийдвэрийн шууд эрх зүйн үйлчлэл чиглэх хэсэг, бүлгийг хардаг, дам нөлөө, үр дагавар үүсгэх хүүхэд өртөх, эс өртөх талаар тооцож үздэггүй зан байна.
Ер нь бол цар тахлын нөхцөл байдлаас улбаалаад хувийн нууцлалын асуудал, зорчих эрхийн асуудал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах асуудал, сурч боловсрох эрхийн асуудал, нийгмийн халамжид хамрагдах эрх, хөдөлмөрлөх эрх гээд олон эрх, эрх чөлөө хөндөгдөж байна.
-Хүний амьдралын анхан шатны хэрэглээ зайлшгүй шаардлагатай нийгмийн эмзэг бүлэгт цар тахлын үед эрүүл, амьд явах эрхээ хамгаалуулах боломж хэр бүрдэж байна?
-Энэ асуудлын тухайд ХНХЯ-аас хүнсний талон, нийгмийн халамжийг бүртгэлтэй айл, иргэдэд олгосон гэдэг мэдээллийг бүгд авсан. Гэсэн хэдий ч тус талонд хамрагдаж чадаагүй айл өрхүүд, аливаа нийгмийн халамж авдаггүй иргэд хорооны дарга болон хэсгийн ахлагч руу утасдаж, хоол хүнс, түлшний тусламж авах хүсэлт өдөр ирэх тусам өсөж байна. Ялангуяа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш энэ төрлийн мэдээлэл өдөр бүр нэмэгдсэн байсан.
Иргэд анхан шатны хэрэглээ болсон түлш, хоол хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлэхийг хүсдэг. Тэдгээр айл өрхүүд нийгмийн халамж авч чадаагүй шалтгаан нь бүртгэлгүй байснаас үүдэлтэй гэх мэт.
Манай улсын халамжийн тогтолцоо тухайн иргэний бүртгэлтэй аймаг, сум, дүүрэг, хороогоор нь дамжуулж халамжийг нь олгодог юм байна. Тиймээс Ховд аймгийн харьяалалтай хүн нийслэл Улаанбаатар хотоос халамж авах боломжгүй.
Гэтэл орон нутгийн иргэдийг нийслэлд шилжин ирэх боломжийг хязгаарласнаас үүдэн албан ёсоор харьяаллаа шилжүүлээгүй ч Улаанбаатарт амьдарч байгаа иргэд олон байна. Тухайн иргэд цар тахлын үед хэцүү бэрхтэй нүүр тулж, халамжид хамрагдаагүй зэрэг асуудал үүсэж байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэдтэй ээжүүд, алслагдмал нутагт амьдарч байгаа иргэд цар тахлын үед эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.
-Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилчдад зайлшгүй анхаарах ёстой. Тухайлбал ковидын голомтод ажиллаж байсан эмч, сувилагчдаас хэд хэдэн хүн халдвар аваад байна шүү дээ. Тэдний эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдсөн үү?
-Бид энэ үед байгаа боломжийнхоо хэрээр эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог нэмэгдүүлэх, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцлөөр хангахад анхаарах хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн яам холбогдох байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогоороо ажиллаж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ анхан шатанд хэрэгжүүлэхдээ асуудал байна уу гэвэл байна. Тухайлбал, бид хөдөө орон нутгийн иргэдээс PCR шинжилгээ авч байсан хэсгүүдэд ХЭҮК-ын гишүүд очиж газар дээр нь байдалтай танилцсан. Энэ үед иргэд хүйтэнд дугаар, бүртгэл, хүлээлтээс үүдэн бухимдал их байсан. Гэтэл дотор нь ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын нөхцөл байдал ч бас сайнгүй байсан.
Бид эрсдэлтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалалтын бүхий л боломжтой арга хэмжээг авч хамгаалсан уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна
Хамгаалалтын битүү хувцастай олон цагаар ажиллахаас гадна, эмч нар дундаа ганцхан халуун хэмжигч дамжуулан хэрэглэж байсан гэх мэт наад захын шаардлагатай хэрэгсэл дутуугаас үүдсэн бэрхшээл анзаарагдаж байсан. Энэ асуудлыг анхнаасаа тооцоод шаардлагатай анхан шатны нөөц болон ажил гүйцэтгэх удирдамжаар хангавал иргэд болон алба хаагчдад хүндрэл үүсгэхгүй л байсан болов уу.
Түүнчлэн нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид иргэдээс асуумж авч бөглүүлэхэд бал нь хөлдөөд гарахгүй байх жишээтэй.
Эмч, эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн халдвар авсан тоо өсөөд л байна. Бид эрсдэлтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалалтын бүхий л боломжтой арга хэмжээг авч хамгаалсан уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Эрүүл мэнд, эмнэлгийн салбарын ажилтнуудаа мартаж болохгүй. Тангараг өргөсөн гэдэг утгаараа тэд чанга дуугарч чаддаггүй байх.
Тэд ч гэсэн хүн, өөрсдийгөө хамгаалуулах эрхтэй. Одоо цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эрүүл мэндийн салбарын нөөцийн асуудал, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын хангалт, ажиллах нөхцөл зэргийг нэн даруй л анхаарах ёстой байна. Бэлэн байдлын зэрэг тогтоосон цаг үед аливаад зөрчил гарахаас урьтаж, бэлэн байдал хангах, эрсдэлийг тооцох нь зайлшгүй л болоод байна.
-Энэ үед үхэхээс төрөх хүртэл хүний амьдралын үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа. Гэтэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу зохицуулсан. Үүнээс үүдэн үл ойлголцол гарч хүний амь нас хүртэл эрсэдсэн тохиолдол ч гарлаа?
-Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хэрэгжиж байгаа юу, эрхээ эдэлж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой. Хэн нэгэн хүн гэнэтийн яаралтай тусламж авах шаардлага гарвал хөл хориог хэрхэн зохицуулах талаарх зааварчилгаа ойлгомжгүйгээс алба хаагч, иргэд хооронд үл ойлголцол үүссэнээс хүний амь нас эрсдэж байна.
Нийслэлээс орж гарах тээврийн хөдөлгөөний пост дээр нийт зургаан байгууллагын төлөөлөл ажиллаж байсан. Хүний амь нас хормоор хэмжигдэж байгаа үед Засгийн газар авах арга хэмжээний талаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад ойлгомжтой байдлаар мэдээлж, шийдвэртээ уялдуулах ёстой. Коронавирусийн эсрэг вакцин орж ирэх хүртэл наанадаж, зургаан cap, түүнээс ч илүү хугацаа шаардагдах байх. Хэвийн амьдралын горимд шилжих хүртэл бид өмнөх алдаанаасаа сургамж авч, дараагийн алхмуудаа хийх ёстой.
Заавал гунигтай харамсалтай зүйл болсны дараа биш түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд очих ёстойИймээс Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэр, зааварчилгаа бүх хүнд ойлгомжтой байх ёстой. Хүүхдийн эрх, эрүүл мэндийн тусламж авах эрх, эмзэг бүлгийнхэнд тусламжийг тэгш хуваарилах, төрийн албан хаагчид, тэр дундаа анхан шатанд нүүр тулан ажиллаж байгаа алба хаагчдад өгөх удирдамж, чиглэл, заавар маш тодорхой байх хэрэгтэй.