УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Ковид19-ын хууль, барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зохицуулалтгүй үлдсэн газарт зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр өргөн барилаа.
Засгийн газраас Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой хуулийн төслийг өргөн барих юм байна. Гэхдээ энэ хууль батлагдтал тухайн салбар зохицуулалтгүй хэвээр байхаар байна. 2021 оны 7-р сарын 1-н хүртэл барьцаалан зээлдүүлэх газрын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх. Алданги маш өндрөөр тооцдог. Өдрийн нэг хувиар алдангийг тооцож боддог. Үүнийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх. Ирэх 7-р сарын 1 хүртэл иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгч өргөн барихаар боллоо. Олон улс оронд тэр тусмаа АНУ, Англид зээлийн хүү, алданги царцааж байна. Ийм зохицуулалт хийж байгаа юм байна. Улаанбаатар хотод л гэхэд 1000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байна.
Хүүг хэт өндрөөр тооцдог, алданги өндөр байдаг, хөрөнгийг багаар үнэлж авах зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсээд байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь хяналтгүй гэсэн юм.
