Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ. Тус замыг нээх үеэр Зам тээврийн яамнаас 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх юм байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. 

Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар есдүгээр сард хэлж байв. 

Хоногт 5,800 оргил ачаалын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл авто машин зорчдог өндөр ачаалал бүхий Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.