Г.Отгон: Мод тарих нь хөдөлмөр, тэвчээр шаарддаг ч ирээдүйд өгөх өгөөж нь мөнгө, ашгаас хэмжээлшгүй их

Хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тариалж, өөрийн тарьсан эрүүл хүнсээ бэлтгэж хэрэглэх нь жинхэнэ тансаглал гэдэг. Тэдгээр хөдөлмөрч хүмүүсийн төлөөлөл болсон Г.Отгон гэх бүсгүйг эерэг ярилцлагынхаа буланд урьж оролцуулаад байна. Тэрбээр зөвхөн өөрөө үр шимийг нь хүртэх бус бусдад ч мод тарихын ач холбогдлыг сурталчлах зорилгоор жил бүр хашаандаа “Алим гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулдаг юм.  

– Манай урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Алимны модны цэцэрлэгээ хэзээ анх байгуулж байв. Бидэнтэй цэцэрлэгийнхээ түүхийг хуваалцаач?

– Моднуудаа ярихаар аавыгаа дурсмаар санагддаг. Миний аав Бат-Өлзийтийн Ганбаатар Говь-Алтай аймгийн уугуул, ажилсаг хөдөлмөрч хүн байлаа. Аав маань цэцэг тарих сонирхолтой, зундаа мандлын цэцэг их тарина. Бид хүүхэд байхдаа тастаж боогоод л багшдаа бэлэглэдэг байв. Аавын минь энэхүү цэцэг ургамалд дуртай сонирхлыг нь хамтран ажилладаг Өвөр Монгол найзууд нь мэдээд 2003 онд жимсний моднууд авчирч өгч, хашаанд маань өнгөний буюу хөрсний худаг гаргасан юм даг. Энэ үйлдэл л өнөөдрийн цэцэрлэгийн маань эхлэлийг тавьсан. Хашаа маань 0.07 га-д хүрэхгүй жижиг талдаа ч 20 гаруй мод бий. Зөвхөн алим гэлтгүй өрөл, ранетка, бэсрэг алим, чавга, буйлс, паркийн сарнай тарьж ургуулсан. Аав маань их эртэч тууштай өглөө босоод л моддоо услаад хашаагаа цэвэрлэдэг байсан. Анхны жимс 2006 оноос эхлэн гарч, аав маань их баярлаж байлаа. Анх аавыг минь жимсний мод суулгаад үр шимийг нь хүртэнэ гэхэд хүмүүс шоолдог, итгэдэггүй байсан. Тэгээд л аав минь ургасан жимснүүдээ хүмүүст үзүүлэх сонирхолтой болж, түүнээсээ урам авдаг болсон.

– Таны зохион байгуулдаг “Алим гэр бүлийн өдөрлөг”-ийн тухай мэдээллүүдийг анх фэйсбүүкээс харж байсан. Надад маш сайхан санагдсан. Тэр өдөрлөг дээр байгаа хүмүүс бүгд л инээд хөөртэй байсан. Хэзээнээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулах болсон бэ?

– Анхны жимсээ 2006 онд хурааж авснаас хойш жил ирэх тусам жимсний гарц нэмэгдээд ирсэн. Эхэндээ хэдэн өрхөөрөө хувааж хэрэглэдэг байсан бол сүүлдээ хэрэглээнээс илүү гардаг болсон. Аав маань энэ моднуудаа үржүүлж нутагшуулж хүмүүст түгээх зорилготой байсан юм даг. Харамсалтай нь 2013 онд өвчний улмаас бурхан болсон. Гэхдээ тарьж ургуулсан бүхэн нь сайхан ургаж, өгөөжөө өгч, хүүхдүүд, ач зээ нар нь харж баясан, амтархан идэж баяртай байгаа. Эдгээр мөчүүдийг мод тарих сонирхолтой олон хүмүүст болон үр хүүхдүүддээ ногоон өв үлдээх хүсэлтэй аав ээжүүдэд сэдэл төрүүлэх зорилгоор “Алим гэр бүлийн өдөрлөг”-ийг анх хийж байлаа. Анх сошиал дээр өдөрлөгийнхөө талаар зараа биччихээд хэр олон хүн сонирхох бол гэж бодож байсан. Гэтэл зар тавьснаас төд удалгүй маш олон хүмүүс сонирхоод асуусан байсан. Энэ нь ч надад урам өгч, сайхан санагдаад  оройн нь алимаараа нухаш, жүүс, компот гээд амталгааны зүйлсийг хирэндээ догдолж бэлдсэн. Маргааш утас маань бүүр тасралтгүй дуугарсан гээч. Хүүхдүүдээ дагуулаад зориод ирсэн аав ээжүүд, хашаандаа жимсний мод тарих сонирхолтой хүмүүс гээд тэр өдөр манай хашаа аз жаргалаар дүүрэн байсан. Өдөрлөгт ирсэн хөөрхөн хүүхдүүд өөрийн гараар түүсэн алимаа барьж, аав ээжтэйгээ зураг даруулахаас эхлээд үлдээсэн нандин дурсамж нь насан туршид нь үлдэх байх гэхээр үнэхээр сайхан байсан даа.

– Жилээс жилд энэхүү өдөрлөг нь өргөжиж байгаа байх. Ер нь хэчнээн хүн оролцдог вэ?

– Эхний жилүүдэд зүгээр л хүмүүст харуулах, амтлуулах, мод тарих сэдэл үүсгэх зорилготой байсан бол дараагийн жилүүдэд ирж байгаа хүмүүсийн мэдээллийг цуглуулж, нэгтгэх зорилготойгоор өдөрлөгөө хийх болсон. Учир нь жил ирэх тусам хүмүүсийн тоо нэмэгдэх болсон юм. Энэ жил гэхэд томчууд, хүүхдүүд нийлээд бараг 220 гаруй хүн ирсэн. Зарсан алим маань гэхэд л 250 килограмм давсан байсан. Олон хүн ирж байгаа болохоор хүртээмжийг нь бодож нэг хүнд хоёр килограммаас илүү зарах боломжгүй гэдгээ зар дээрээ оруулж өгсөн. Ирж байгаа хүмүүс маань их соёлтой мундаг хүмүүс байдаг шүү. Мөн бид энэ жилээс модоо үржүүлэх суулгац бэлдэх, хотдоо ойр нийтэд нээлттэй аж ахуйн бүтцийг бий болгох талаар судалж, “Family garden” төслийн ажлаа эхлээд байгаа. Аавынхаа мөрөөдлийг илүү томоор гүйцэтгэхийг зорьж байна. Энэ төсөл маань хотын иргэдэд зориулсан, гэр бүлийн цэцэрлэг бий болгох, газаргүй завгүй хүмүүст үр хүүхдүүдтэйгээ эко орчинд цагийг үр бүтээлтэйгээр өнгөрөөх, үр шимийг хүртэх боломжийг бий болгох чиглэлтэйгээр төслийн судалгааны ажил хийгдэж байгаа юм. Энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Family garden in Mongolia” пэйж хуудсанд нэгдээрэй.

– Хашаандаа алимны модны цэцэрлэгтэй байхын давуу тал нь юу вэ. Мэдээжийн хэрэг цэцэрлэгтэй байна гэдэг маш их хүч хөдөлмөр шаарддаг ажил байх?

– Мод тарих хэцүү ч сайхан шүү.  Цаг, хүч хөдөлмөр, тууштай тэвчээртэй байдлыг шаарддаг ч  ирээдүйд өгөх өгөөж нь мөнгө ашгаас хэмжээлшгүй их. Ялангуяа таны хүүхдэд өгөх мэдрэмжээс эхлээд байгальтай зөв харьцдаг болгох, хөдөлмөрт сургах гэх мэтээр ээлтэй зөв хүн болгон хүмүүжүүлнэ. Мод тарьдаг ургуулдаг хүмүүс их зөөлөн сэтгэлтэй байдаг юм шүү. Мөн танай хашаанд өнгө үзэмж нэмэх болно. Манайх хашаа хаврын үеэр битүү цагаан, ягаан цэцэгтэй болж, анхилам үнэртэй болдог. Би мод тарих ургуулах сонирхлоо ааваасаа дамжуулж авсан. Шороогоо ухаад сууж байхад хэдэн цаг өнгөрснийг ч мэддэггүй. Илүү дутуу зүйл бодогдохгүй тайвширдаг. Бараг л бясалгал хийж байгаатай дүйцэхүйц тайвшрал тайтгарлыг олдог. Моднууд маань нахиа түрэх, нахиа задрах,цэцэглэх, жимсээ хураах, навч шарлах, навчаа гөвөх гээд бүхий цаг үед аав маань хамт байгаа мэт мэдрэмжийг өгдөг.

– Алимны моддоо хэрхэн арчилдаг вэ. Алимны мод тарих хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгч болох уу?

– Мод тарих ургуулах чин хүсэлтэй хүмүүст зөвлөхөд хүүхдээ яаж арчилж, хайрлаж өсгөдөг шигээ байх хэрэгтэй.  Ургуулж чадна гэсэн сэтгэл зүйгээ болон мод тарих орчин нөхцөлийг бүрдүүлж, мод суулгацаа сонгохыг зөвлөж байна. Заавал жимсний мод гэхгүйгээр гоёлын мод тарьж ч болно. Их ил салхитай хүйтэн хургадаг газар жимсний мод зохимжгүй, ус ихтэй намаг ихтэй газар бас дэмий гэх мэт туршлагатай хүмүүсийн зөвлөмж зөвлөгөөг сайн уншиж судлаарай. Манай хашааны хөрс ямар билээ, бид нар байнга байх уу, зундаа байх уу салхи нь хэр гарах бол, өвөл хүйтэн, жавартай байдаг билүү. Хөрш айлууд маань ямар мод тарьж байна вэ, ус маань зөөврийнх үү худгийнх уу, хулгана, туулай явдаг билүү гээд олон зүйлийг тооцож дүгнэлт гаргасны дараа модоо сонгоорой. Аав маань мод хөлдөж үхдэггүй юмаа. Харин өвөл ч байсан хатаж үхдэг гэж хэлдэг байсан. Энэ нь өвөл хатдаг гээд усалж болно гэж хэлж байгаа юм биш. Намрын цэнэг усалгааг сайн хийж өвөлд бэлдэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Ер нь мод арчилгаа ихтэй байдаг шүү. Гэхдээ тууштай үнэнч хүнийг бурхан шагнадаг гэдэг шиг алдаанаасаа суралцаж улам их туршлагатай болохын тулд ямар нэгэн зүйлийг тарихыг хүсдэг бол заавал эхний алхамаа хийгээрэй.

https://www.facebook.com/v3.2/plugins/video.php?app_id=923419661382614&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df36d803711a70c8%26domain%3Deyreg.mn%26origin%3Dhttp%253A%252F%252Feyreg.mn%252Ff2eb3e575d569d%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ffamilygardeninmongolia%2Fvideos%2F2535010166757937%2F&locale=en_US&sdk=joey&width=696

– Хүүхдүүд тань бас таниас үлгэр дууриалал авч байна уу. Тэд бас том болоод цэцэрлэгтэй болох болов уу?

– Юу тарина түүнийгээ хураана гэж сайхан үг байдаг шүү дээ. Хүүхдүүдээ хэлээд яриад байх биш үлгэрлэж биеэрээ үзүүлэхийг л хүсдэг дээ. Хүүхдүүдээ ажиглаж байхад ургамалд хайртай нь харагддаг. Бага охин маань зургаан настай гэхэд ээжээрээ хэлүүлэлтгүй гэрийнхээ цэцэгний хөрсийг нь харж байгаад усладаг. Услах шаардлагагүйг нь услахгүй гэх мэт ээжээсээ бага багаар сурсаар байгаа. Юу тарина, түүнийгээ хураана. Айл болгон хашаандаа мод тарьж үр шимийг хүртдэг байгаасай.

– Ярилцсан танд баярлалаа. Танд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Б.Янжиндулам

Эерэг.мн

Total
3
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Б.Даваадалай: Экспортын хэмжээ нэмэгдэж буй нь эдийн засагт эерэг дохио өгч байна

Дараагийн мэдээ

Засгийн газар 600 сая ам.долларын “Номад” буюу “Нүүдэлчин” бондыг босгожээ

Холбоотой мэдээ
Total
3
Хуваалцах