YouGov судалгааны байгууллагаас 42 орны 45 мянга гаруй хүний дунд явуулсан судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар олны хайр, хүндлэлийг хамгийн их хүлээсэн хүмүүсээр тодорчээ. Харин эрчүүдийн жагсаалтын хоёрт Microsoft-ийг үндэслэгч тэрбумтан Билл Гейтс, гуравт БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар бичигдсэн байна.

Олон улсад хайрлаж хүндлэгдсэн эмэгтэйчүүдийн жагсаалтыг Мишель Обама хоёр дахь жилээ дараалан тэргүүлж байгаа юм. Энэ жил жагсаалтын хоёрт жүжигчин Анжелина Жоли, гуравт Их Британийн хатан хаан II Элизабет нар бичигджээ.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, олон түмний сэтгэлийг хамгийн их татдаг хүмүүсийг тодруулдаг YouGov-ийн судалгаа 2014 оноос хойш хийгдсэн байна. Харин энэ жил  олон улсад хамгийн олон хүнийг хамарсан юм. Зургаан удаагийн судалгаанаас харахад хамгийн их ахиц гаргаж, жагсаалтын дороос дээш өгссөн хүнээр 13-аас есөд дэвшсэн Элон Маск тодорсон бол жил бүр бага санал авсаар хамгийн доогуур орсон хүн нь зургаагаас 14 хүртэл уруудсан Малала Юусафзай болжээ.