28 дахь үндэсний номын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан манай сайт энэ удаагийн ярилцлагын буландаа Номын соёлт ертөнц ТББ–ын тэргүүн Б.Сувдыг урьж, ярилцлаа. Тэрбээр одоогоор АНУ–ын Вашингтон ДС хотод гацаад байгаа ч номын баяр зохион байгуулах ажилдаа онлайнаар идэвхтэй, сэтгэл гарган оролцож байгаа юм.

– Юуны өмнө манай сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Өнөөдөр 28 дахь номын баяр нээж байна. Миний хувьд номын баяр гэхээр л “Соёлт номын ертөнц” ТББ болон та санаанд ордог. Энэ жилийн хувьд covid 19 вирусээс үүдээд тун онцлогтой баяр болж буй. Таны хувьд гадны оронд гацаад байгаа ч номын баяртаа идэвхтэй оролцож байна. Энэ жилийн номын баярын онцлогоос ярилцлагаа эхэлье?

– Сайн байна уу. Эерэг.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Номын баяртай холбоотой мэдээлэл бэлтгэж байгаад баяртай байна. Энэ жилийн номын баярын хувьд цар тахлын үед тасраагүй номын баяр гэдгээрээ нэлээн онцлогтой. Бид дүрэм журмын дагуу онцгой дэглэмийн үедээ тохируулан, өргөн хүрээнд хоёр шаттай зохион байгуулж байгаа. Эхний хэсэг “Хэл соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Сүхбаатарын талбайд уламжлалт номын баяр өнөөдөр нээж, гурав хоног үргэлжилнэ. Энэ жил өмнөх жилүүдээс ч илүү олон оролцогчтой номын баяр болж байна. Учир нь цар тахлын үед ч уран бүтээлчид маань гэр гэртээ ном зохиолуудаа туурвисаар байсан нь олон уншигчдынхаа оюуны цангааг тайлна гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаар хэсэг нь хөдөө орон нутагт зохион байгуулагдах соёлын үйл ажиллагаанууд байгаа. Тухайлбал, танай дүүрэгт ямар номын сан байдаг болон ямар зохиолчид бүтээлээ танилцуулж байгаа зэрэг иргэн таны мэдэх эрхийг хангах чиглэлээр түлхүү үйл ажиллагаагаа 18 хоногийн турш зохион байгуулна. Цар тахлын үед сонгуулийг эс тооцвол олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй. Харин энэ цар тахлын айдсыг үргээж иргэдийн сэтгэлд амар тайвныг мэдрүүлэх, сайн сайхныг бэлгэдсэн номын баяр намрын дунд сарын шинийн нэгний билэгт өдөр нээгдэж буйг миний хувьд их бэлэгшээж байна. Үүнээс хойш олон үйл ажиллагаа зохион байгуулагдах байх. Гэхдээ номын баяраар олон нийтийн үйл ажиллагаа эрчимтэй эхэлж буйд зохион байгуулагч бидний зүгээс баяртай байна. Гадны олон улсуудад номын баяр тасалдах эсвэл онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Харин бидний хувьд маск, бээлийтэйгээ уулзаж баяраа тэмдэглэж байна гэдэг гайхалтай үйл явдал юм. Цар тахлыг бид юу ч хийхгүй гараа хумхиж өнгөрөөх биш харин хэрхэн дүрэм журмын дагуу үйл ажиллагааг сайтар зохион байгуулж болох вэ гэдгийг бусдадаа үлгэрлэж байна. Иймээс ном зохиолд дуртай зон олныгоо номын баяртаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Номын баяр маань эцэг эх гэлтгүй хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн баяр болсонд бид баяртай байдаг. Энэ баяраас хүүхэд залуус унших урам зориг хүсэл тэмүүллийг олж, ахмад настнууд маань уншсаар байсан тэр гэгээлэг сайхан зүйлсээ зүрх сэтгэлдээ мөнхөлдөг. Яг одоо уншиж буй залуус мэдээ мэдээллийг энэ баяраас олж авдаг. Тиймээс энэ сайхан баярын агуулга алдагдахгүйгээр цар тахлын жилд зохион байгуулагдаж байгаа нь онцлог сайхан байна.

– Өдгөө 28 дахь номын баяр гэдэг урт хугацааг туулж бидэнд иржээ. Анх номын баяр хэрхэн зохион байгуулахаар болж байсан дурсамжаасаа хуваалцаач?

– Анх “Номын ертөнц” нэвтрүүлэг UBS телевизийн эфирээр цацагдаж эхлээд яг нэг жил болсон юм. Өмнө нь С1 телевизээр цацагдаж байв. Үүнээс сэдэвлэн яагаад номын баяртай байж болохгүй вэ гэсэн бодол урган гарч, үндэсний хэмжээнд анх удаа номын ертөнцтэй холбогддог бүхий л хүмүүсийг хамарсан баяр хийхээр шийдсэн. Энэ маань ч их амжилттай болж, оюуны хөдөлмөрийг үнэлсэнд талархаж байгаагаа олон хүн илэрхийлж билээ. Нөгөөтэйгүүр, тэр олон хүний урмын үг өнөөдрийн 28 дахь удаагийн баярыг зохион байгуулах ажлыг уламжлал болгох суурийг тавьсан юм. Дэлхийн ихэнх улс орнууд номын баярыг тэмдэглэдэг бөгөөд төрийн дэмжлэгтэй төрийн бус байгууллагууд нь эх орныхоо хэл, соёлыг олон улсад сурталчлах ажлыг үе үеийн засгийн газартайгаа урт хугацааны бодлогын дор хамтран хэрэгжүүлдэг.

– Өөрийн биеэр номын баяртаа оролцож чадахгүй болохоор сэтгэл бага зэрэг гонсгор байна уу. Тэгсэн ч зохион байгуулалтдаа үнэхээр сэтгэл гаргаж оролцож байгаа тань сошиал хуудсаас чинь харагдсан?

– Хэдийгээр АНУ-ын Вашингтон ДС хотод гацсан ч номын баярын үйл ажиллагааг зохион байгуулахад нь онлайнаар оролцож байгаа. “Номын ертөнц” нэвтрүүлгээ хөтөлж, редакцийнхантайгаа хамтарч сэтгүүлээ гаргаж, клубийнхээ хүүхдүүдтэйгээ хуралдаж чиглүүлэх болон зохион байгуулагчдын комисс, шагнал тодруулах комисстойгоо байнга онлайн хурал хийж байна. Мөн төр засгийн байгууллага, холбогдох байгууллуудтай холбогдож ажиллаж байгаа зэрэг харилцаа холбооны ажлыг эндээс тодорхой хэмжээгээр ханган ажиллаж байна. 12 цагийн бүсийн зайтай байгаа ч гэсэн Монголынхоо цагтаа тааруулан ажиллаж, амарч байгаа. Маш завгүй өдрүүдийг энд үдэж байна. Өөрийн биеэр оролцож чадаагүйдээ бага зэрэг гонсгор байгаа ч давуу талуудыг олж харж байгаа. Тухайлбал, онлайнаар багаа удирдан чиглүүлээд явах боломжоос гадна өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломж бүрэлдэж байна. Нөгөө талаараа дэлхийд тархан суурьшсан ном бүтээгч, зохиолч монголчуудтайгаа холбогдох гүүр эндээс тавигдаж байна. Энэ гүүрээ илүү өргөн болгоход ажиллаж, хичээсээр байх болно. Ямарваа нэгэн зүйлд сайн, муу хоёр тал байдаг. Сайныг нь илүү олж харж, түүнийг батжуулах чиглэлд ажиллаж байгаа учир гонсгор байгаа ч илүү эерэг талаа барьж байгаа гэж хэлж болно.

– Гадаадад буй таны амьдралд covid 19 вирусний халдвар хэрхэн нөлөөлж байна. АНУ вирусний тархалтаараа дэлхийд дээгүүрт бичигдсээр байгаа?

– Яг энэ үед иргэдийн амьдрал ихээхэн өөрчлөгдөж байна. Суурин амьдарч байгаа хүмүүсийн орлого нь тогтворгүй болж, ажил нь багасах, ажилгүй болох тохиолдлууд гарч байгаа. Гадны улсад гацсан, түр хугацаанд аялал жуулчлалаар ирсэн хүмүүсийн хувьд суурин амьдарч байгаа иргэдийн нуруунд их ачаа үүрүүлж байна. Өөрсдөө ажил олж хийхийг хичээж буй боловч тэр бүр санаснаар нь ажил олдохгүй байна. Орлого санхүү нь муудаж, тодорхой хэмжээний хуримтлалтай байсан хүмүүс хуримтлалаа барж байна. Эх орондоо харихын тулд мөнгө цуглуулж байна гэдэг бол их эмгэнэлтэй дүр зураг. Нэгэнт энэ эмгэнэлтэй дүр зургийг өөрийн биеэр харж, үүнийг гэрчлэх ёстой байсан болоод л ингэж гацсан байх гэсэн бодол өөрт минь төрсөн. Хэдий хэцүү байгаа ч гэсэн энэ хүнд цагийг хамтдаа давж туулна шүү гэсэн урам зоригийг гадны оронд гацсан монголчууддаа өгөхөөр “Suvdaa & Suvdaa” влогоо нээж, иргэдийг мэдээллээр хангах ажлаа хийж байна. Мэдээлэлгүй байна гэдэг хамгийн хэцүү зүйл. Мэдээллээр хангаад өгөхөд иргэдийн сэтгэл тайвширч, хүлээцтэй болж байдаг. Үүнийг УОК, шийдвэр гаргах түвшний хүмүүс илүү анхаарч ажилласан бол илүү олон монголчуудыгаа тайван, хүлээцтэй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх байсан. Харамсалтай нь тийм нөхцөл бүрдээгүй учраас олон хүмүүс стресст орж, галзуурсан тохиолдол гарсанд харамсалтай байна. Өөрөөр хэлбэл тодорхойгүй байдал хүнийг шаналгаж, эд эсийг үхүүлж, гэнэт бие нь муудах байдалд хүртэл хүргэж байгаа. Тиймээс тодорхой мэдээллээр хангана гэдэг маш чухал үүний тулд Англид гацсан Сувдаатайгаа хамтраад иргэдийг мэдээллээр хангахын тулд иргэний сэтгүүлзүйг хийн, хүнд хэцүү үед байгаа гэдгээ илэрхийлэн өөрсдийн нөхцөл байдлаа хуваалцан цар тахлыг эерэгээр давахаар хичээн ажиллаж байна.

– Одоогийн байдлаар АНУ-аас нутаг буцах хүсэлтэй хэчнээн иргэн байна. Таныг бас тэдгээр хүмүүстэйгээ хамтраад бие биедээ туслах хөдөлгөөн өрнүүлээд буй талаар сонссон?

– Цар тахал эхэлснээс хойш 10 гаруй мянган монголчууд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн гэж байсан. Түүнээс хойш маш олон иргэд маш хүлээцтэй хандаж, тусгай үүргийн нислэгт багтах нэрсээ хүлээсээр ирлээ. АНУ-д гэхэд анх хоёр мянга гаруй хүн эх орондоо буцах хүсэлтэй байсан авч хүлээцтэй байсан иргэд нэмэгдсээр дөрвөн мянга гаруй болсон. Одоогоор хоёр мянга гаруй хүн эх орондоо очихоор оочиртоо бүртгүүлээд байгаа ч санхүүгийн байдал хүндэрсэн тул шууд төлбөрөө төлөөд явах бэлэн мөнгөтэй иргэд хомсдож байна. Гэртээ харьж чадахгүйд шантарсан, тав зургаа дахь шалгуурт нь тэнцэхгүй сайхан мэргэжил эзэмшсэн олон залуус тухайн улсынхаа иргэн болох, визнийхээ нөхцөлийг солих, харлаж үлдэх гэх мэт шийдвэрийг гаргаж буйг харах нэг бодлын их эмгэнэлтэй байна. Тэдгээр залуус эх орныхоо хөгжилд гар бие оролцох гэж ховор мэргэжлээр суралцсан залуус байсан. Тэднийг хэрхэн суралцах эрхээ олж авч, мэргэжлээ эзэмшиж буйд нь хүмүүсийг анхаарлаа хандуулаасай гэж хүссэн. Ихэнх гадаадад буй оюутнуудын хувьд өөрсдөө ажиллаж сургалтын төлбөр, хүнс, байр зардлынхаа өртгийг олдог. Маш их хөдөлмөрийн цаана эдгээр хүмүүс сурч боловсорч эх орондоо хөл тавих гэж байсан. Лайв хийж байхад “Америкт хүмүүс мөнгөгүй байх үе гэж байдаг юм уу” гэх мэт коммэнт ирж байсан. Байх үе ирдэг л юм байна. Ийм хэцүү нөхцөл үүснэ гэдгийг хэн ч тооцоолоогүй учраас монголчууд маань бие биенээ ойлгох сэтгэлээр хандаасай гэж хүсье. Ялангуяа гадаадад гацсан монголчууддаа эх орондоо буй монголчууд маш харгис хатуу үгсийг хэлж байсан. Яагаад монголчууд маань тийм харгис хатуу болчхов. Зовох цагт гараа сунгаж туслах монгол хүний сайхан сэтгэл хаачсан бэ. Суурин иргэдийн хувьд их тус дэм болсоор байгаа. АНУ-д гацсан монголчууд бие биедээ туслахаар хоолны food bank, байр олох, мэдээлэл солилцох, эмч хэрэгтэй нэгэнд эмч олж өгөх, эмээ хуваалцах гэх мэтээр бид хичээн ажилласаар байна. Ер нь эх орондоо буцах гэж буй хүмүүст өөрсдийн чадах чинээгээрээ туслаад л байна.

– Таны хувьд бага зэргийн шүүмжлэлтэй хандах зүйлстэй тулгарсан гэдгийг сошиал хуудаснаас тань харсан?

– Яг эндээс гадаадад ажиллаж буй манай элчин сайдын яамдууд нэлээн учир дутагдалтай ажилладаг юм байна гэдгийг өөрийн зүгээс харлаа. Хэлэхэд эвгүй ч гэсэн элчин сайдын ажил гэдэг улс төрийн бялуу хуваах томилгоогоор шийдэгддэг. Хэзээ ч иргэдийн амьдралыг ойлгохгүй бараг л тэнгэрээр амьдарч байсан хүмүүс ирж ажиллан зарим иргэдийг дарамтлах тохиолдол гарч байсныг хүртэл нүдээр харж, гайхаж байлаа. Яагаад ингэж хандаж байгаа юм бэ. Нэг удаа байрны төлбөрөө төлж, нэг удаа хоолны мөнгө, сургалтын төлбөрөө олохын тулд хичээж ажиллаж үзсэн юм уу гэж хэлтэл, онцгүй сэтгэгдэл төртөл харьцаж байсан. Гадаадад Монгол улсаа төлөөлөн ажиллаж буй ажилтнууд хүний төлөө гэсэн сэтгэлтэй, илүү ёс зүйтэй хүмүүсийг тавиасай гэж бодсон. Хэрэв ГХЯ, албаны төлөөллүүд энэ ярилцлагыг уншвал анхааралдаа аваасай гэж хүсч байна. Яг ийм хүнд үед мэдлэг чадвар хоёрдугаарт, хүн чанар гэдэг зүйл л нэгт тавигддаг юм байна. Хэрэв хүн чанарын шалгалт гэж авдаг бол тэр шалгалтад бүгд унахаар байна. Гадаад дахь элчин сайдын яамдуудад ажиллаж буй хүмүүстээ тодорхой шаардлага тавьж ажилд аваасай гэж хүсч байна. Энэ цар тахлын үе дуусах болоогүй байна. Тиймээс ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, хаттай, бэлтгэлтэй, ёс зүйтэй хүмүүсийг элчин сайдын яамдууддаа ажиллуулаасай.

– Гадаад гацсан иргэдийн зүгээс тиз хэтэрхий өндөр үнэтэй байна гэсэн мэдээлэл байгаа. Бодит байдал яг тийм байна уу?

– Гадаадад түр хугацаагаар ирсэн ихэнх иргэд буцах билетээ авсан байдаг. Гэтэл буцах билет аль хэдийн хүчингүй болсон. Тиймээс хүмүүс нэмэлтээр төлбөр төлж тусгай үүргийн нислэгт багтаж байгаа. АНУ-аас нэг хүн эх орондоо очихдоо хамгийн багадаа зургаан сая орчим төгрөг зарцуулж байгаа. Гэтэл энэ мөнгө нь Монголд байгаа хүмүүсийн хэдэн сарын цалин, тэтгэврийн мөнгөтэй дүйцэх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Олон сар тэсэж, тэвчсэн хүмүүсийн халаас хэчнээн их нимгэрч, хоосорсныг ойлгоосой. Олон улсаас хандив тусламж авсан бол тэр хуримтлалаасаа багаханыг олон сараар гадаадад гацсан иргэдийгээ харж үзэхэд зарцуулж болох уу. Мөн ЭМЯ, болон эрүүл мэндийн байгууллагууд гадаад гацсан иргэдийнхээ сэтгэлзүйд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Яг энэ хүнд хэцүү байдалд орж буй иргэдэд одоо эрүүл мэндэд нь сөрөг нөлөө гарахгүй байж болох ч хожим хойно нь илэрдэг. Гацсан болон карантинд буй иргэдийгээ сэтгэлзүйтэй холбох, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлмээр байна. Хоёр Сувдаа влогоороо дамжуулаад энэ талын мэдээллийг хэд хэдэн удаа хүргэсэн ч нийтийг хамарч чадахгүй байгаа. “Focus on the family” байгууллага энэ тал дээр төсөл хэрэгжүүлж эхэлж буйд баяртай байна. Энэхүү төслийг нь дэмжээд сэтгэл заслын эмчилгээг хүмүүстээ боломжоороо өдөр болгон тодорхой хугацаанд хийгээсэй. Энэ хүнд үеийг даван туулахад нь хамгийн их туслах зүйл нь харилцаа юм. Ганцаараа болон гэр бүлээрээ гацсан хүмүүст харилцааны ямар бэрхшээл учирч байгааг, ялангуяа стресст орсон хүн хүүхдэдээ, эхнэртээ ямар зан гаргахаас эхлээд төсөөлшгүй. Гол нь үүнийг эдгээхийн тулд бид юу хийж, ямар үйл ажиллагаа зохион байгуулж болоход анхаарч, бие биенийгээ урмын үгээр дэмжээсэй.

– УОК–ын шийдвэр танд хэрхэн нөлөөлж байна?

– Мэдээж хэрэг өвчин тахал гарахад эх орон маань хилээ хаахыг дэмжиж байсан. Гацсан хүмүүсийг хурдан шуурхай татаж авах байх гээд эхний үед маш хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл АНУ-д вирус хүчтэй дэгдэж иргэд нь дэлгүүрээ хоосолж, нойлын цаас олдохгүй байх үед аймшигтай сонин санагдаж байсан. Шинжлэх ухаан, технологи нь маш сайн хөгжсөн хятад улс хүртэл вирусийг дотооддоо барьж чадахгүй байх нөхцөлд бурхан минь юу болох бол гэж бодож байлаа. Мэдээжийн хэрэг тулаад ирсэн зовлонг туулаад гарна гэсэн сэтгэлийн хатыг өөртөө суулгаж байсан ч стресстэх зэрэг сөрөг нөлөөг өөр дээрээ нэлээд мэдэрсэн. Гэхдээ эх орон маань аюулгүй, ээж, охин, ах дүү хамаатан садан гээд хайртай хүмүүс маань эрүүл байгаа гэдэг нь миний санааг амрааж байсан. Тиймээс ч УОК–ын шийдвэрийг дагаж мөрдсөөр байгаа. Ганцхан сэтгэл эмзэглүүлэх зүйл нь гадаадад гацсан хүмүүсийн асуудалд удаан хойрго, сэтгэлгүй юм шиг хандсанд миний хувьд шүүмжлэлтэй байсан.

– Тухайлбал?

– Анх нутаг буцах хүсэлтээ гуравдугаар сард гаргасан. Ар гэрт маань хүнд зүйл тохиосон тул явах гэж яарч байлаа. Залууст нутаг буцах боломж маш бага байсан. Тиймээс хамгийн хүнд байдалд байгаа хүмүүс түрүүлж эх нутаг руугаа явж байгаа гэж харж байсан боловч үгүй байсан. Тэр тэгш бус байдлыг яг өөрийн нүдээр харах үнэхээр муухай. Яагаад хүн болгон эрх тэгш биш байгаа юм бэ гэж бодсон. Ярих юм бол маш олон онцгүй зүйлс бий. Гэхдээ тэр болгоныг яримааргүй байна. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Удахгүй эх орондоо очих гэж байгаа болохоор сайн сайхныг ярихыг хичээж байна. Гэхдээ ард үлдэж буй хүмүүстээ санаа зовниж байна. Эдгээр хүмүүстээ анхаарал халамжаа улам илүү хандуулаасай. Ядаж билетных нь үнийг 50 хувь ч болтугай хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлээсэй. Энд элчин сайдын яамныхаа гадаа суулт хийж, гацсан монголчуудынхаа төлөө дуугарна гэдэг их хүч хөдөлмөр зарцуулсан ажил байлаа. Америкийн шумуулны хоронг хэлэх үү өөрийн сэтгэл зүрх, гоо сайхнаа хүртэл зориулан ажиллаа шүү дээ (инээв)

– Би хувьдаа таныг хүмүүсийг бие биедээ туслах гүүр нь болсон гэж харж байна?

– Монголчууд бие биедээ нэгдэн туслах хөдөлгөөн ямарч үед өрнөж байгаасай гэж хүсч байна. Миний хувьд АНУ-д байгаа иргэдийн хэсэгхэн хувьд л туслаж чадаж байгаа болохоос бусад оронд байгаа иргэддээ хүрч чадахгүй байна. Тиймээс бусад оронд байгаа монголчууддаа туслаарай хэмээн байнга уриалж байв. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Харин нэг сайхан зүйлийг онцлоход надад хамгийн цалин, орлого багатай номын хүмүүс маань чадах чинээгээрээ их туслаж дэмжиж байлаа. Ганцхан жишээ дурдахад л өнгөрсөн жил Монгол хэл соёлын зусланд 14 хоногт багшлаад буцсан юм. Гэтэл тухайн үед сурч байсан сурагчийн маань ээж “Багшаа та энд гацсан юм уу. Танд багахан ч гэсэн тусламж үзүүлье” гээд сэтгэлийн дэм өгч байв. Ном соёлын төлөө сэтгэлтэй маш олон хүмүүс надад тусалсан. Би үнэхээр сэтгэлийн гүнээсээ маш их талархаж буй. Мөн надаар дамжуулж олон хүнд номд элэгтэй сайхан сэтгэлтэй иргэд гацсан иргэдэд тусламж хүргэсэн юм. Тэгэхээр ямарч үед ном соёлтой холбогдсон хүмүүс хамгийн өгөөмөр байдгийг эндээс олж харлаа. Энэ олон хүний сайхан сэтгэлд талархаж, дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тиймээс монгол хүний сайхан сэтгэлийг өнгөлөхийн төлөө хамтран хичээцгээе гэж хэлмээр байна.

– Цар тахлын үе болохоор гадны улс оронд ажил олох хэцүү байгаа гэж сонссон. Таны хувьд ажил хийж байгаа юу?

– Бусдаар тэжээлгээд эрхлээд байгаа юм шиг баймааргүй тул өөрөө өөрийнхөө амин зуулгын төлөө ажиллаж байна. Суурин амьдарч буй иргэд ч өөрсдийгөө яая гэж байхад ахин дарамт болмооргүй байгаа тул Америкт цар тахлын үед хүмүүс юу хийж байна түүнийг хийж үзэж байна. Нэг бодлын сонирхолтой ч нөгөө бодлын хэлэхэд хэцүү зүйл юм. Танил талгүй л бол ажил олох тун хэцүү байгаа. Миний хувьд хоол хүргэлтийн ажил хийж байгаа. Хоёрхон хоногийн өмнө нэг бүсгүй “Яг байрныхаа мөнгийг төлөөд хоол хүнсээ аваад илүү мөнгө үлдэхгүй юм. Энэ байдлаараа хэзээ харих юм бол” гээд ярьж байв. Эмэгтэйн хувьд сургалтаар ирээд гацсан төдийгүй ганц бие тул аль ч шалгуурт орохгүй байсаар сүүлдээ явуулъя гэсэн ч билет авах мөнгөгүй болсон. Иймэрхүү жишээний нэг би өөрөө ч болоод явж байна.

– Монголдоо ирээд болон хөл хорио тавигдахаар та хамгийн түрүүнд юу хийх вэ?

– Одоогийн байдлаар маш олон сайхан ажлууд толгойд боловсроод байж байна. Цар тахлын тэмдэглэлийнхээ хүрээнд өөрийн мэдэрсэн туулсан зүйлсийг нөгөө Сувдаатайгаа хамтран ном гаргахаар төлөвлөж байгаа. Монгол, англи хэлээр гаргахыг хичээнэ. Мөн номын баярыг тэмдэглэлт өдөртэй болгох хуулийг өргөн бариулахаар өмнөх их хуралд гишүүн асан А.Ундраа гишүүн санал тавьснаар хуулийг санаачлан улмаар 2019 оны 12-р сарын 12-нд хуулийн хэлэлцүүлэг төрийн ордонд болсон. Энэ хуулийн төсөл үргэлжилж буй гэж сонслоо. Очоод ажил ундраад л эхлэх байх. Клуб, хүүхдүүдийн сургалт, номын сангийн үйл ажиллагаа, Номын соёлт ертөнц ТББ-ын цааш цаашдын хэтийн төлөвлөлтийн ажлууд байгаа. Мэдээж хэрэг охинтойгоо хамгийн түрүүнд уулзаж ээжийн үүрэг ажилдаа цаг гаргах нь миний маш их хүсэж буй зүйл. Энэ олон сар охин минь ээжийгээ зөндөө саналаа, ээжийн минь биеийн байдал сайнгүй сувилах, дүүгээ өргөн тэтгэх гэр орны ажил ч их бий. Цар тахлын үе надад ухаарал, бодролыг өгсөн нь энэ үеийн давуу тал гэж харж байна. Ямар ч зүйлд хоёр тал байдаг. Ийм л үед олон сайн найз нөхөдтэй боллоо. Олон зүйлсийг эхлүүлэхийг хүсэж байсан тэр эхлэлийнхээ боломжуудыг эндээс атгаад авлаа. Тиймээс хийх ажлын хувьд төлөвлөж бодсон зүйл арвин байна.Мөн дэлхийд гайхуулах номын баяртаа номд дуртай ард иргэд минь дүрэм журмынхаа дагуу сэтгэлтэй, хүндэтгэлтэй хандаж, идэвхтэй оролцоорой. Ямар ч зүйлд сэтгэлтэй хандвал бүх зүйлд зөв сайхан. Олон хүний дэм сэтгэлээр баяр маань сайхан болно гэж итгэж байна.

– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Удахгүй уулзахын ерөөл тавъя.

– Ярилцсан эерэг сайхан мэдээллийг түгээж буй танай сайтын хамт олонд баярлалаа. Тун удахгүй эх орондоо очих болно. Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Б.Янжиндулам

eyreg.mn