Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэргийг хянан шийдвэрлэжээ. Тус хэргийг үйлдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдууллаа.

Тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож алсан/, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад /гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Л нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 45 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан байна.

Бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож, биед нь олон тооны гэмтэл учруулснаас амь насаа алдсан болох нь тогтоогджээ. 

Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу 3 настай Г.Г-н эсрэг байнга “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ удаа дараа нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ.

Улмаар гэр бүлийн хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож биед нь олон тооны гэмтэл учруулснаас амь насаа алдсан болох нь нотлогджээ. 

Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй. Өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байжээ.

Шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч н.М нь 8 сартай өөрийн хүүхэд болон талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Эх сурвалж: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх