Дэлхий дахинд коронавирус заналхийлсээр байна. Манай улсын хойд хөрш болох ОХУ-д өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, БНХАУ-ыг давлаа. Аюулын харанга ийн хаалга тогшиж байгаа учир хөл хориогоо сулруулбал ямар эрсдэлтэй нүүр тулахыг дэлхийн зарим нэг улс орон үлгэрлэн харуулчихсан. Тиймээс Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг 5-р сарын 31-г дуустал сунгалаа. Өөрөөр хэлбэл хөл хориог дахин нэг сараар сунгав. 

Хөл хориог сунгасантай зэрэгцээд тусгай үүргийн онгоц асуудал үүсгэж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас ирэх тусгай үүргийн онгоц дагасан хэл ам тасраагүй. Хэдэн сарын өмнө бүртгүүлсэн иргэн явж чадахгүй гацаж байхад, ирээд хэдхэн хоносон хүн үүргийн онгоцоор нисчихлээ, өндөр настангуудыг авах байтлаа өөр улсаас ирсэн оюутнуудыг авлаа, хүнд өвчтөн иргэдээ үл тоож, хөрөнгөлөг, чинээлэг иргэдийн ар гэрийнхнийг орууллаа гээд л. Үнэхээр тусгай үүргийн онгоц, тусгайлсан хүмүүстээ хүрч чадахгүй байгаагийн жишээ нь хорт хавдартай 86 настай иргэн. Түүний хүү өнгөрсөн хугацаанд хөлөө хүрэх газар хүртэл явжээ. Хамаг сүүлд нь ийм шалтгаантай олон хүн байна гэх шалтгаанаар консулийн хаалга хамрынх өмнө савагджээ.

/86 настай хорт хавдартай ээжийгээ амьд сэрүүн байгаа дээр нь нутагт нь авчирмаар байна!/

Өнөөдөр гэхэд БНСУ-д суух монголчууд ЭСЯ-ныхаа гадаа эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэдний ихэнхийнх нь визны хугацаа дууссан, санхүүгийн хувьд хүндрэлд орсон, ЭСЯ-нд удаа дараа хандсан, холбогдох утас руу нь өдөр шөнөгүй залгасан хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Ийнхүү харийн нутагт мөнгө төгрөгийн асуудалд орсон иргэд нь аргаа барахдаа суулт зарлаж байхад зөвхөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй иргэдээ авах Тусгай үүргийн онгоцонд хөрөнгө чинээтэй иргэд багтахаар улайрч байгааг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Тэрбээр “Сөүлээс 5 сарын 1-ний тусгай үүргийн онгоцонд Монголын тэргүүн баячуудын нэг Ажнайн Д.Бат-Эрдэнэ гуай хүүхэдтэй гэдгээрээ багтсан гэсэн сураг сонслоо. Энэ хөрөнгөтэй хүн ядарсан зовсон бусдын урдуур дайраагүй байгаасай гэж хүсэж байна. Өмнөх нислэгэнд өөрсдийн хамт явсан хүмүүсээ оруулсан гэсэн ярианд ороод авсан хүн” гэсэн байна.

Түүний хувьд өмнөх тусгай үүргийн нислэгийн үеэр хамаатнуудынхаа хамт ядарсан иргэдийн тийз булаацалдсан гэх хэл аманд орж байсан билээ. Тодруулбал Монголын тэргүүн баян Ажнай Бат-Эрдэнийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гээд Хавайгаас ирсэн 10 хүн Сөүлийн нислэгт багтах гэж сүр хүчийг үзүүлж, үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудыг хүндрүүлсэн гэх мэдээлэл гарч байсан удаатай. Гэвч тэрбээр энэ удаа ч мөн өчнөөн олон хоног оочер дугаараа хүлээж байгаа өвчтэй зовлонтой, хөгшид эмэгтэйчүүдийг дээрэлхэж байгаа бололтой. 

Монгол Улсын хамаг л өнгөтэй өөдтэй орд газрыг өмчилж ашиглаж, ухаж шавхаж олсон бүхнээ гэр бүлдээ нааж, аль л үнэтэй тансаг амралт, зугаалга, арал, улсаар хэрэн тэнэж, жарган цэнгэж буй тэрбээр цагтаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд хүртэл төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан.
Гэтэл Монгол улсын төр засаг нь ард түмнээ хамгаалах гэж зүтгэж буй энэ үед гадаадад байгаа ядарч зүдэрсэн иргэдийнхээ боломжоос булаацалдан хүний нутагт эр бяраа гаргажээ. Ажнай болон түүний гэр бүлийнхэн мөнгөгүй болчоод ийнхүү бачуураагүй байлтай.