Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Улаанбаатарт ирж, Улаанбаатараас алс Герман орныг зорьж, оюун санаа, ирт үгийн шидээрээ дэлхийн хүн зоны хэзээний танил болсон эрхэм бол Чинагийн Галсан гуай билээ. Бидний хэлэх дуртайчлан “Дэлхийн тавцанд танигдсан”-ыг нь улсаараа, уран зохиолын хүрээ даяараа шагшин ярилцдаг ч, зохиол бүтээлийг нь хэдхэн туужаас цааш төдий л үл мэдэх, эс ухах. Чухам энэ л эрхэмтэй нэг сая дахь модоо Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт тарьж байхад нь зорин очиж ярилцлаа.

Хэвлэлийнхэн бүчиж, Ерөнхийлөгчийн хэлсэн тэрбум модны уриалгын тухай ам уралдан асуугаад буцсаны дараа Ч.Галсан гуайн дулаахан ахуй руу хамтдаа зорих завшаан бидэнд олдсон юм. Гэртээ орохын өмнө Ч.Галсан гуай түр азнаж, хашаан доторх моддоо танилцуулж эхлэв. Тэр олон арван ном бүтээсэн өвгөн зохиолч биш, яг л зурсан зургаа танихгүй зочинд гайхуулж буй жаахан хүүхэд шиг догдолжээ.

Тэрбээр Энэ дөрвөн модыг би дөрвөн хүүхдэдээ зориулж тарьсан юм. Анх суулгахад жаахан байсан сан. Ургаж буйг нь харсан хүмүүс “Энэ модыг буруу тарьсан байна. Хоорондоо их ойрхон байна. Модыг хоёр метрийн зайтай тарих ёстой” гэцгээж байсан. Дөрвөн хүүхэд минь эвтэй найртай байж, ядрахын цагт нэгнийгээ түшиж яваг гэсэндээ ойрхон тарьсан юм.

Харин тэр гурван модыг гурван ачдаа тарьж өгсөн. Тэгээд өөрсдөө услаг гэж бодоод жижигхэн хувин авч өгсөн. Тэр хувингаар ус зөөж хийсээр энэ мод өсөж, том болж, дээр нь шувуу үүрээ засжээ. Анх тарихдаа хамгийн багад нь хамгийн жаахныг оноож өгсөн. Одоо харахаар хамгийн жаахан байсан нь хамгийн том болсон санагддаг юм. Тэр жаахан хүүхэд маань одоо 21 хүрчээ.

Хүний амьдралд гунигтай зүйл их тохиолдоно. Миний хань, дөрвөн хүүхдийн маань ээж нэг л өдөр бурхан болсон. Хорт хавдраар яаж ч чадалгүй алдсан. Тэгээд бид уулнаас мод залж ирээд дөрвөн хүүхдэдээ тарьсан модны хажууханд суулгасан. Тэр модны дор ханийн маань бумба бий. Харин ард буй тэр модыг би өөртөө зориулж тарьсан юм. Ертөнцийн жам ёсоор би хэзээ нэг өдөр буцах нь тодорхой. Тэр модон дор ороод л унтчихна даа. Харин миний модны ард буй модыг би одоогийн эхнэртээ зориулж тарьсан юм. “Энэ дор ороод унтана шүү” гэж хэлсэн. Тэр минь талийгчийн модыг шүтдэг. Ирж мөргөдөг юм.

Харин хашааны хамгийн хойно буй энэ таван мод бүгд чацуутан. Сэлэнгийн мод үржүүлгийн н.Нэргүй гэж хүн миний ярилцлагыг уншаад сэтгэл нь хөдөлж, Сибирийн мөнгөлөг таван гацуур явуулсан юм. Анх тарихад нэг нь бусдаасаа түрүүлж ургаад, гэнэт үхмэр аядсан. Тэгэхээр нь би энэ модонд хань дутаад байгаа юм байна гэж бодоод “Чамд авгай авч өгнө өө” гэж хэлээд хус мод хамт суулгасан. Манайд ийм мод хэд, хэд бий. Мод үржүүлгийн хүмүүсээс асуувал “Нэг нүхэнд хоёр мод байж болохгүй” гэнэ байх. Харин би энэ үгний эсрэг байдаг юм. Хар л даа. Энэ мод хайр дурлалдаа мансуурчихсан байгаа биз. Одоо хэн ч энэ тавыг ихэр мод гэж харахааргүй болчихсон байгаа биз дээ.

Би нэг өдөр хүүхдүүдтэйгээ гал тогооны өрөөнд хоол идээд сууж байтал энд нэг модны зай байгаа нь харагдсан. “Энэ газар мод нэхээд байна” гэж хүүхдүүддээ хэлээд нүх ухуулчихлаа. Тэгээд том хүүгийнхээ хашаа руу хувинтай ус барьж очоод ургаж буй бургаснаас дөрөв төөлж байгаад тасалж аваад энэ зайнд тарьсан юм даа” хэмээв.

-СЭТГЭЛИЙН САЛХИ ХААШАА БАЙНА ТИЙШЭЭ Л…-

-Та моддын амьдралаар амьдарч үзсэн юм шиг хүн юм. Тарьсан мод бүхний цаана ямар нэгэн гайхалтай түүх байгаа бололтой…

-Уран бүтээлч хүн болохоор янз бүрийн юм санана. Сэтгэлийн салхи хаашаа байна тийшээ л явна. Би унтахынхаа өмнө гадагш гарч, 15-20 минут салхилдаг юм. “Бүүвэй, Үү-эээе, Бүү-ээ, Үү-Ээе” гэж дуулан, моддынхоо толгойг илбэнэ. Тэгж ургуулсан мод маш хурдан ургадаг. Ингээд дуулаад эхлэхээр хань маань “Ямар аймаар юм бэ. Чи аяархан дуулаач. Манай гудамны айлууд Ч.Галсан согтчихож гэж бодно шүү дээ” гэнэ. Би ч тоохгүй. Дургүй хүрсэн өдрөө “Бүүвэй, Үү-эээе, Бүү-ээ, Үү-Ээе” улам чангаар дуулна.

-Мододтойгоо ярилцдаг байх нь ээ?

-Яг тийм. “Хүн намайг ойлгохоо болилоо, та нар л ойлгоцгоо” гэж хэлж байгаа юм.

-Мод тарих чин хүсэл, сэтгэлтэй хүмүүс таниас ирж, үрсэлгээгээ авч тарьсаар өнөөдрийн байдлаар сая мод тарилаа. Сая модны хэдийг нь өөрийн гараар суулгаж, тарьсан бэ?

-Олон, олон. Эхний хэдэн модоо бүгдийг нь өөрийн гараар суулгасан. Улаан гараараа жоотуу барьж байгаад өдөржин газар ухдаг байлаа. Цаад талын эгнээнд хэдэн улиас, наад талын эгнээнд навчит мод, дунд эгнээнд шилмүүст мод, наад талд нь гоёлын мод суулгасан. Ёстой модны төлөө дүрэлзэж байлаа шүү дээ. Хавар тарьсан мод ургаад ирэхээр ямар гоё гэж санана. “Миний мод ургаж байна. Муусайн атаархагчид гараад ир, гараад ир” гэж хашхирмаар санагдана. Ёстой сайхан байдаг. Манай хаалганы гадна хоёр хуш мод бий. 50 жил, 100 жилийн дараа үр хойч минь тэндээс самар түүж иднэ гэж бодохоор хэчнээн сайхан санагдаж байна гээч.

-Үрсэлгээ авах гээд ирсэн хүмүүст юу гэж зөвлөдөг вэ?

-Бид  “Устай юу, хашаатай юу, хамгаалж чадах уу” гэж асуудаг. Энэ гурван асуултад хариулсан хүнд бид үрсэлгээ өгч явуулдаг. Учраа мэдэхгүй хүмүүст хүүхдүүд маань болон манайд ажиллаж буй залуус газрыг нь ухаад, суулгаж өгдөг. Манай үрсэлгээгээр мод тариагүй аймаг бараг үгүй. Дорноговийн “Хамрын хийд”-д, Дундговь, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Завхан аймагт манай үрсэлгээр тарьсан мод бий.

Мөн би Цэнгэл сумынхаа төвийн бүх айлуудад мод тараасан. Ургуулсан нь маш олон. Ургуулаагүй нь цөөн. Мөн Тувачуудын оршуулгын газар хашаа татаад мод тарьсан. Манайхаас хэн үрсэлгээ авч буй нь тийм чухал биш. Хамгийн гол нь Монголын хөрсөнд л ургаж буй бол миний мод гэж боддог.

-Нэг мод тарина гэдэг, нэг амь бүтээж буйтай адил. Тэгэхээр та өнөөдрийн байдлаар дөрвөн хүүхэдтэйгээ нийлээд сая дөрвөн амь бүтээчхэж. Цаашдаа хэчнээн амь бүтээе гэж бодож байна?

-Тарьж байсан мод маань ургаж чадахгүй үхчих юм бол үр хүүхдээ алдаж байгаа юм шиг санагдана. Вангари Маатай гэж агуу тэмцэгч эмэгтэй байна. Цагдаа нартай өстөн дайсан. Шоронд бүр хоёр удаа хийсэн. Ядуугийн туйл Кени улсын иргэн, хоёр хүүхэдтэй тэр эмэгтэй Африк тивдээ 30 сая мод үлдээсэн байхад би ийм эрх чөлөөтэй, өнөр өтгөн амьдралтай юм байж 30 байтугай саяыг үлдээж болохоор. Гэхдээ би 25 саяыг, 30 саяыг тарина гэж хэлэхгүй. Амьд байгаа дээрээ тариад л байя.

-Тэрбум мод тарья гэх Ерөнхийлөгчийн санаачилгыг та хэр бодит ажил болно гэж харж байна вэ?

-Сайхан санаа. Хамгийн гол нь чанарт анхаарах хэрэгтэй. Цаасан дээрх тоотой зууралдаад байвал нэр төдий ажил болно.

ПАРИСТ Ч АМЬДАРСАН БОЛНО. БЕРЛИНД АМЬДАРСАН Ч БОЛНО. ГЭХДЭЭ БИ ЗАЯА НЬ ТИЙШЭЭ ЯВАХГҮЙ

Төдөлгүй Ч.Галсан гуай биднийг дагуулан дээд давхартаа гарч, цонхоор моддоо харууллаа. Номын шүүгээгээ ч танилцуулав. Дараа нь Монгол нутгийн заншлаар босгосон овоо хэмээн сагсанд хураалгаастай чулуунуудыг зааж яриа дэлгэв. Тэрбээр “Их онцгой санагдсан зүйлсээ би ингэж хадгалдаг. Энэ чулуунуудыг харахаар өдөр болгон өөр, өөр юм санагдана. Хүний нутагт сууж байхад нутгаа санахаараа чулуу бүрийг нь үнэрлэнэ. Үнэрлэхээр андашгүй. “Нутгаа их санаж дээ, нутаг руугаа явах болж. Монголын чинь агаар чамд дутагдаж байна” гэх нь мэдрэгдэнэ. Ингэж мэдрэгдвэл Германаас Монгол руу, Улаанбаатараас Баян-Өлгий нисэх тийзээ харин ч нэг эргэлзэх юмгүй захиална даа…”

-Та модод өвөл ичээндээ ордог гэж ярьсан. Та ч өвлийн саруудыг ичээндээ ороод ном зохиолтой ноцолдож өнгөрүүлдэг үү?

-Би жар гаруй жил өглөө 04:00 цагаас босож байна. Тэгээд компьютерээ асаагаад л ажилдаа ордог. Модод одоо унтаж эхлээд байна. Сая Гүнжийн булагт аваачиж суулгасан моднууд хаана очсоноо мэдэхгүй байгаа. Мод бүхэнд ой санамж бий. Тэд хавар гэнэт өөр ертөнцөд сэрнэ. Тэгээд хэвтэж байсан газраа сана. Гайхамшигтай бөгөөд этгээд нь энэ л байхгүй юу. Тэр моднуудыг бид энд төрүүлж, өсгөж аваад тэнд аваачиж, газрыг нь сольж байна. Нэг ёсондоо моддыг хуураад ч байгаа юм шиг, эсхүл шагнаад ч байгаа юм шиг.

-Мод тарих сэдлийг та германчуудаас авсан тухайгаа дурссан байдаг. Энэ бол Герман орон танд өгсөн олон зүйлийн энгийн нэг жишээ байх. Та Герман хэл сурснаар өөрийнхөө оюун санааг дэлхийд тамгалж явна. Тиймээс таны эх орны тухай бодлыг сонсмоор байна. Таны уншигчид байгаа газар таны эх орон уу. Унаж төрсөн газар тань эх орон уу?

-Хүмүүс намайг Герман Галсан гэдэг. Түүнийг бол би хүлээн зөвшөөрдөг. Германы нөлөө надад маш их бий. Надаар ч тогтохгүй, дөрвөн хүүхэд маань Герман хүмүүжилтэй. Ач, зээ нар маань хүртэл Герман хүмүүжилтэй. Тэр талаасаа би герман хүн. Үүнд харамсдаггүй, гэмшдэггүй, ичдэггүй. Герман орон миний оюун ухааныг өгсөн. Харин Монгол орон миний хүн болох дэвсгэрийг өгсөн. Юуг ч ажирдаггүй, тоодоггүй, бие цогцсыг өгсөн. Би Монгол бие цогцостой, монгол тэвчээртэй. Тиймээс Монгол нутагтаа хязгааргүй хайртай. Би хос морьтон. Монголын элчилгүй их талд, Германы их соёл дунд давхих хос морьтон.

-Герман руу удахгүй явна гэсэн. Ямар ажил төлөвлөв?

-Франкфуртын номын яармагт оролцохоор явж байгаа. “Дурдатгал” номын минь хоёр дахь боть хэвлэгдсэн. Номынхоо нээлтийг хийнэ. Яармагт оролцчихоод арваннэгдүгээр сард Германы хотуудаар явж, уншигчидтайгаа уулзана. Уулзалтууд товлосон байгаа.

-Таныг очих сургаар герман уншигчид нь хөл хөөр болно биз?

-Би Монголд нэр дуулдсан төдий хүн. Германд бол харин өөр. Германчуудтай маш сайн ойлголцдог. Гадуур явж байхад таарсан хүмүүс “Би таныг нэг тэвэрье. Та намайг тэвэрч болох болов уу” гэдэг. Би ч тэднийг “Одоо больё” гэж хэлтэл нь чанга тэвэрдэг. Энэ минийх биш Монголынх. Тэгээд л би монгол оронд маш их өртэйгөө боддог. Азийн нүүдэлчин гэдэг чинь ямар гайхамшигтай, хэцүү амьдрал вэ. Тэр хэцүү амьдрал биднийг ямар гайхамшигтай нухаж өгсөн юм бэ гэж бодогдоно. Бид чинь элдүүр нь ханасан гурил байхгүй юу.

Би одоо ямар ч оронд оршин суух хүсэлт тавихад дуртайяа зөвшөөрнө. Германд миний 41 ном гарчихлаа. Францад гэхэд найман ном хэвлэгдсэн.  

-Танд иргэншлээ солих бодол төрж байв уу?

-Би Парист ч амьдарсан болно. Берлинд амьдарсан ч болно. Гэхдээ би заяа нь тийшээ явахгүй. Би Германд очиж, хааяа нэг амраад ирнэ. Гурван сар болоод буцаад ирнэ. Би чинь Монгол нутгаасаа гараад, гарсан өдрөө л Монголоо санаж эхэлдэг хүн байхгүй юу.

-Германд ажиллаж амьдрах олон боломж гарч ирсэн байх. Тэндэхийн их сургуулиудаас ажлын санал ирж байв уу?

-Германчууд намайг дээдийн дээдээр хүлээж авч байсан. Германы их, дээд сургуулиудад “Би ажиллая, танайд багшилъя” гэвэл дуртайяа хүлээж авна. Гэхдээ би тэдэнд олдохгүй л дээ.

МОНГОЛ ХҮН ӨӨРИЙГӨӨ ГОЛСОН, МИНИЙ АЛДАА ХААНА БАЙНА ГЭЖ ХАЙСАН БҮТЭЭЛ БИЧИХ ХЭРЭГТЭЙ

-Одоо хоёулаа сэдвээ жаахан өөрчилье. Та ойр дотно харилцаатай байсан үе тэнгийн зохиолчдынхоо талаар яриач?

-Ойр дотны зохиолч гэвэл Чойсүрэнгийн Дагвадорж байна. Бид хоёр их сургуульд нэг ангид байсан. Нэг нэгийгээ их сайн ойлгодог байсан. Гэхдээ зохиолчид чинь их зовлонтой шүү дээ. Ядарсан үед хэн нь наашаа харах вэ гэдэг эргэлзээтэй.

-Та сүүлийн үед гарч буй монгол зохиолчдын ном бүтээлийг уншдаг уу?

-За ер нь тохиолдлоор л уншина даа. Тэр бүгдийг уншсаны дараа сэтгэлд хүрэхгүй бол цагийн гарз. Харин Б.Наминчимэдийг бол би маш их үнэлдэг.

-Танд манай уран зохиолын ирээдүй ямар харагдаж байна?

-Манай уран зохиол сайн. Дэлхийн дундажтай харьцуулахад манайх их дээгүүр орно. Яруу найраг бол их сайн. Үргэлжилсэн үг бол явахгүй. Үргэлжилсэн үгийн зохиолчид дандаа өөрсдийгөө л магтдаг. Монгол үндэстнийг магтахдаа бусад үндэстнийг доош хийдэг. Бүх үндэстэнд л баатарлаг, мундаг хүн байсан. Муйхар тэнэг хүн ч байсан.

-Одоо тэгэхээр монгол зохиолчид юуны тухай, ямар сэдвээр бичвэл зохилтой бол?

-Түүхэн сэдвээ жаахан орхимоор байгаа юм. Хэдэн хаад, хаадын хатдын тухай бичдэгээ болих хэрэгтэй. Өөрийнхөө нүдээр харсан, өөрийнхөө дотор бодогдож байгаа орчин үеийн Монголын амьдралыг л бичих хэрэгтэй.

-Та дэлхийн хүмүүсийн сонирхлыг татаж чадсан зохиолч. Таны зам мөрөөр яваад сая, сая уншигчидтай болох боломж  монгол зохиолчдод бий юу. Тэгэхийн тулд яах ёстой вэ?

-Зохиолчдыг хараад байх нь бүгд л шагнал горьддог болж. Ингэж шагнал руу шагайж, хялайсан зохиолч хэзээ ч дэлхийд танигдахгүй. Яг амьдралын үнэн байдлыг тусгаж бичсэн тийм зохиол үгүйлэгдэж байна. Монгол хүн өөрийгөө голсон, миний алдаа хаана байна гэж хайсан бүтээл бичих хэрэгтэй. Би түрүүн хэлсэн. Дандаа монгол хүн, Японоос, Хятадаас, Оросоос дээр гэж бусад үндэстнийг өвдгөн дороо хийж бичихээр яаж олигтой юм гарах билээ дээ. Монгол хүний зориг гэж бас их бичих юм. Зориг гэдэг зүйл чинь зөвхөн монгол хүнд байхгүй. Монголчууд дунд хулчгарууд ч бас олон байна шүү дээ.

ЗОРИГ БАЙВАЛ АХЫГАА ОРЧУУЛ!

-Танд монгол уншигчдынхаа өмнө буруутай юм шиг мэдрэмж төрдөг үү?

-Үгүй ээ. Ер нь уншигчдын санаанд тааруулна гэвэл хэзээ ч сайн зохиол гарахгүй. Хэлэх юмаа түс, тас, уншигчдыг айтал, цочтол, дургүйг нь хүртэл хэлчих хэрэгтэй. Тийм зориг хэрэгтэй.

-Учиртай болоод л ингэж асуулаа л даа. Герман хэлээр хэвлүүлсэн гол номуудаа монгол хэл дээр гаргахгүй юм байх даа гэж горьдож, хүлээж буй уншигчдын тань өмнөөс асуусан юм?

-Цаг алга байна шүү дээ, охин минь. Миний дэлхий дахинд хэлэх үг дуусаагүй. Бичих маш их юм толгой дотор минь хуримтлагдчихсан байна. Гэтэл ирээдүйд бичигдэх зохиолуудаа үхүүлээд хуучин зохиолоо орчуулж сууна гэдэг хэцүү. “Аянгат цагийн тууж” номоо би дөрвөн долоо хоногийн дотор бичсэн. Тэгээд 10 жилийн дараа Монгол руу орчуулах гэж зургаан сар үйлээ үзсэн. Дордуулчихвий гэж бодоод л орчуулаад байсан. Бас захиргаадалтын үеийн засаг төрийг уурлуулах болохгүй үг орчихвий гэж эмээсэн.

-Хэрэв таны ном зохиолыг Монгол хэл руу орчуулах хүсэлт тавьбал яах вэ, зөвшөөрөх үү?

-“Орчуулах гээд үз л дээ” гэж хэлнэ. Чин үнэнийг хэлэхэд “Аянгат цагийн тууж”-ийн төгсгөлийг улаан цайм дуурайсан зохиолч манайд бий. Би уншаад өгч чадах байна. Гэвч дэмий дээ, охин минь. Дуурайг, дуурайг гээд тэдэнд юу ч хэлдэггүй юм. Миний бүтээл, дэлхий дахинд дуулгасан үг, ядахнаа цуурай нь намайг өмөөрнө.

-Энэ орчлон хангалттай гэрэл гэгээтэй ч хүнд дотроо тээж явдаг ямар нэг гомдол байдаг юм шиг санагддаг. Та хэн нэгэнд гомдол тээж явдаг уу?

-Би энэ амьдралдаа маш их сэтгэл хангалуун байна. Хүршгүй гэж бодсон оргилдоо хүрсэн гэж бодож явдаг. Гэхдээ миний хайрлаж явдаг эх орон минь миний хүчийг бүрэн шавхаж чадсангүй дээ. Надад хэзээ ч сэтгэлд хүрэхээр албан тушаал, эх орондоо өөрийн сурсан мэдсэнээ, авьяасаа зориулах санал тавьсангүй дээ л гэж бодож явдаг. Одоо бол би 80 дөхөж яваа хүн, үүнийгээ хэлж болно байх. Жаахан эрт хэлсэн бол албан тушаал горьджээ гэх байсан. Надад ямар ч албан тушаалын хэрэг байхгүй. Зүгээр л юмны үнэн гэдэг ийм. Нэг өдөр ч болов миний чадалд дүйцэхүйц ямар нэг алба хариуцуулсангүй. Би дандаа дайвар, сайвар ажил хийсээр байтал насны намартаа золгочихлоо.

Ч.Галсан гуай бидний ярилцлагын маргааш Герман руу нисэх тул бэлтгэлээ базаах хэрэгтэй болсон юм. Иймд бид дараа уулзахын ерөөл талбиад ярилцлагаа ийнхүү завсарлав. Зурвасхан ярилцлагаа буулгаж цөхөн суугаа энэ мөчид өөрийн хоёр дахь эх орондоо газардаад, үнэнч уншигчдадаа гарын үсгээ зурж суугаа биз ээ. Тэрбээр “Би Монгол, Германаар зэрэг сэтгэж чаддаг” гэж хэлсэн. Түүний оюун санаанд герман хандлага бат нот суусан байж магад. Гэхдээ зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл нь Монголдоо гэдэг нь үг, үйлдлээс нь мэдрэгдэж байлаа.

“Зохиолыг минь монгол хэлэнд орчуулах зориг байвал оролдоод үз” гэж дэлхийд хамгийн алдартай монгол зохиолч хэллээ. Чинагийн Галсан гуайн амнаас сонссон хамгийн сайхан мэдээ энэ байв. Түүний зохиолыг монгол залуус эх хэлэндээ буулгаж, их зохиолчоор өөрөөр нь хянуулан хэвлүүлэх сайхан өдөр мөдхөн биз ээ.

Ярилцсан огноо 2021.10 сар. Сэтгүүлч Э.Булган

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн