Main Area

Main

Өнөөдөр та, би, бид бүхэнд өөрийн орныхоо хилийн дээсийг даваад л нэрээрээ бус улсаараа дуудуулдаг

Номхон далай дээгүүр 10 гаруй цаг нисч, Mонгол улсаас 8530 миллийн зайд орших олон үндэстний орон гэгдэх Америк оронд ганц МОНГОЛ охин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан залуустай зуны 3 сарыг ажиллаж, амьдарч өнгөрөөх нь магадгүй таны хувьд нүд ирмэхийн зуур биелэх зүйл байж болох атал өөр нэгний хувьд хүсээд ч биелэхгүй мөрөөдөл байж болох...
Харин миний хувьд энэ цаг хугацаа, энэ нандин дурсамжууд, энэ мартагдашгүй туршлага нь ачит эцэг эх, ах дүүс, анд нөхдийн маань болон MONGOLIAN EXCHANGE компаний тусламж дэмжлэггүйгээр бүтэхгүй зүйл байлаа. Энэ цаг хугацаа, энэ аялал миний хувьд МОНГОЛ хүний нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлагатай АЯЛАЛ байлаа.
Миний очсон газар болох Rocky Mountain National Park нь Америкийн Колорадо мужид орших өндөр оргилуудаараа алдаршсан үндэсний амралтын газар байсан ба манай Монголын хангай нутагтай төстэй санагдсан. Миний ажилласан компанид төдийгүй тус ESTES PARK-д энэхүү хөтөлбөрөөр айлчлан очсон АНХНЫ МОНГОЛ ХҮН нь би байсан ч байж магадгүй. Хүн бүр л хаанаас ирсэн бэ? Хятад уу? Хятадаар ярьдаг уу? гээд л шалгаана. Тэр бүрт нь Монголоос ирсэн, бид өөрсдийн гэсэн ХЭЛТЭЙ ТУСГААР ТОГТНОСОН УЛС гээд л омогшингуй хариулна. Ер нь бид эх орноосоо гараад л нэрээрээ бус улсаараа овоглодог юм байна лээ.
Хамт амьдардаг найзуудын маань ихэнх нь Монгол улс гэж байдгийг ч мэдэхгүй байсан нь намайг жаахан гонсойлгож байсан ч Туркээс ирсэн TEKIN гэх залуу Чингис хааныг маань учиргүй шүтдэгийн дээр Монголын талаар маш их зүйл мэддэг байсан нь намайг хязгааргүй жаргалтай болгодог байлаа. Энэ бүхнээс би нэг л зүйлийг ойлгож авлаа. Өнөөдөр та, би, бид бүхэнд өөрийн орныхоо хилийн дээсийг даваад л нэрээрээ бус улсаараа дуудуулдаг учраас өөрт байгаа нөөц боломжоо бага гэж чамлалгүй ашиглан ямар чадвартайгаа, ямар их хариуцлагатай, хэр итгэл даах хүмүүс вэ? гэдгээ орчин тойрны хүмүүстээ харуулах л хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл надаар, чамаар, танаар Монголыг минь төсөөлж ойлгох учраас гэдгийг ойлгосон маань энэ аяллын минь хамгийн үнэ цэнэтэй зүйл байсан болов уу.
Өнөөдөр та 10 хүнд өөрийгөө зөв таниулж чадсанаараа өнөөх 10 хүн тус бүр дахиад 10 хүнд ТАНЫ ТАЛААР, МОНГОЛЫН ТАЛААР зөв ойлголтыг өгнө гэж итгэдэг. Тиймээс л би энэхүү аяллын явцдаа Монгол гэж огт мэдэхгүй, сонсож ч байгаагүй хүмүүст Монголын талаар эерэг сэтгэгдэл үлдээхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, суралцаж, харилцаж, ойлголцож байсан. Энэ хичээл зүтгэлийнхээ үр шимийг өөрөө хүртэн 7 хоногт хүссэнээрээ нэмэгдэл цаг авч, цагийн хөлсний хэмжээгээ ч нэмүүлж, цаг тутам давхар бонус авдаг байсан төдийгүй тасаг хариуцсан анхны АЗИ (МОНГОЛ) менежер хүртэл хийж өөртөө асар их туршлага хуримтлуулсан.
2016 оны зуны 3 сар миний амьдралд сайхан дурсамжийг үлдээсэн, эх нутагтаа байхдаа бодолд ч орж ирдэггүй байсан ЭХ ОРНЫ төлөөх хариуцлагыг үүрүүлсэн, энэ дэлхийн бусад хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа энэ Монгол орноо хэрхэн таниулах талаар бодол хуруулсан, ЭХ ОРНОО хэрхэн хөгжүүлэх талаар ухаан заруулсан 90 хоног байлаа.
Ажлын сүүлийн хоногуудад ажил олгогч нар, анд найзуудаасаа магтаалын үг дүүрэн ил захидал, гарын бэлгийг авч тэр ч байтугай захирал маань Монголчуудад их элэгтэй болсонд хэмжээлшгүй ихээр баярлаж байлаа. Бид залуу хүмүүс, бид монголын ирээдүй. Бид олон нийтийн сүлжээгээр би Монгол гэж дэлдэн бусдыг шүүмжлэн өөлөхөөс илүүтэйгээр ямар нэг зүйлд цаг зав, сэтгэл зүрх, хүсэл зорилгоороо зүтгэн өөрт буй өчүүхэн ч хамаагүй нөөц бололцоогоороо улсынхаа нэрийг өргөж явах нь зүйтэй болов уу

 

Г. Дөлгөөн ШУТИС

Facebook холбоос: https://www.facebook.com/notes/mongolian-exchange/

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД