Main Area

Main

Д.Трамп-Ким Жоны Уны уулзалтыг Монголд зохион байгуулах боломжтой талаар АНУ-ын талд илэрхийлжээ

АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой
хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзахдаа хэлжээ. 

Тэрбээр АНУ болон БНАСАУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой гэсэн байна.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

Эх сурвалж: president.mn

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД