Main Area

Main

У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм

Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна. МАН-ын дарга, гишүүд энэ өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хурлын үеэр хэлэхдээ "Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж,хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй.

Энэ утгаараа Та бид өнөөдөр Ардын намынхаа 97 жилийн түүхийн ой санамжийг сэргээн, үр хойчдоо үзэл санааны үнэт өв болгон үлдээхээр Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Одоогоос 97 жилийн тэртээ Төв азийн цээжинд Анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн МАН төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, Эх орон, Тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр юм.

Төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдлэж, түүх, уламжлалаа хамгаалж, хадгалж, сэргээх талаар Монгол төр, Монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж бодон, үйл хэрэг болгох нь Монголчууд бидний бусдаас ялгарах онцлог юм.

"Зориг эс хүрвээс Ухаан эс хүрнэ" гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай.

Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе" гэв.

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД