Main Area

Main

НИТХ ДАХЬ АН-ЫНХНЫ АЙДАС БУЮУ С.АМАРСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ШАНТААЖИЙН ЦААНА...

НИТХ дахь АН-ын бүлгийнхний хувьд, хаврын улс төрийн эхний сэдэв нь С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах явдал болов. Сая гаруй хүн амтай их хотын хөгжилд нэмэрлэх санал, нэмж хийсэн ажлаар маруухан сөрөг хүчний залуусын хувьд энэ бол том улс төр. Ёстой л “Одноос зуурч од болох тактик” нь бололтой. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төр, түмний төлөө чөмгөө дундартал зүтгэх ёстой НИТХ дахь АН-ын залууст үнэн хэрэгтээ твиттер, фэйсбүүкт “Хуралдааны ирц бүрддэггүй ээ” хэмээн өрөвдөлтэй царайлж селфи хийхээс өөр ажил алга. Тэднийг ийнхүү сошиалд худал мэдээ цацан улстөржиж суух зуур С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ынхан хуралдаж, тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг нь харин үнэн. Өмөөрч байгаа ч юм биш, үүнийг нягтлахад тун амархан. НИТХ-ын хуралдааны талаарх мэдээллүүдийг гүүгл-дээд үзчихэд болно. Харин НИТХ дахь АН-ын амбицтай залуусын хувьд Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, автозамын түгжрэлийн талаар бодитой санаачилгуудыг дэвшүүлсэн нь хэр олон бэ, ер нь тэд өнгөрсөн хугацаанд иргэдийн төлөө юу хийцгээв?! Энэ асуултад харамсалтай нь олигтой хариулт алга.

            НИТХ дахь АН-ынхан өчигдөр (2018.02.27) болсон хуралдааны үеэр С.Амарсайханыг огцруулах дүгнэлт танилцуулж гоё харагдах гэсэн биш өөрсдийгөө эвгүй байдалд оруулцгаав. Учир нь бүхэл бүтэн сөрөг хүчний зүгээс боловсруулсан дүгнэлт гэхэд тун ядмагхан аж. Тэр дундаа хуралдааны ирц бүрддэггүй тухай нь! Энгийн логикоор авч үзвэл, НИТХ дахь АН-ын бүлгийнхэн ажилдаа ирдэггүй ажилтны өмнөөс захирлыг нь ажлаас халах тухай заалтыг дээрх дүгнэлтдээ багтаасан аж. Өөрөөр хэлбэл, ажилтан Дулмаа өглөө ажилдаа ирдэггүй, аль эсвэл ямар ч шалтгаангүйгээр таслаад явчихвал захирал Доржийг нь ажлаас халах юм гэнэ дээ. Ийм нэгэн инээдэмтэй заалт С.Амарсайханыг огцруулах тухай дүгнэлтэд бий. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс энэ талаар “НИТХ дахь АН-ын бүлгийнхэн өөрсдөө хуралдаандаа сууцгааж бай. Зарим нь хувийн асуудал ярьж орж ирдэг шүү. Хувийн ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Хувийн асуудлаа тулгаж үүд сахиад суучихдаг. Бид зарчмаа барьж, хуулийн дагуу ажиллах ёстой” гэж хэлсэн нь АН-ынхныг улалзууллаа. Харин НИТХ-ын даргыг ямар тохиолдолд огцруулж болох вэ гэдэг талаар эх сурвалжуудаас тодруулахад “НИТХ-ын даргыг огцруулах талаар тодорхой заалт хуулинд байдаггүй. Гагцхүү хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгдөх заалттай. Тэгэхээр НИТХ дахь АН-ын бүлгийнхний тавьж буй асуудал хуульд нийцэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхээр “НИТХ дахь АН-ын бүлгийнхний зүгээс С.Амарсайханыг огцруулах дүгнэлт гэнэт танилцуулсны цаана ямар эрх ашиг байна вэ. С.Амарсайханы хувьд АН-ынхны ямар эмзэг цэг дээр хатгав” гэдэг асуулт л гарч ирж байгаа юм.

            Э.Бат-Үүлийн хүүд холбогдох хэргийг АТГ сэргээн шалгаж эхэлжээ  

НИТХ дахь АН-ын бүлгийнхэн С.Амарсайханыг огцруулах тухай дүгнэлтдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бодит бус, тунхаглалын шинж чанартай болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй” гэсэн утгатай шүүмжлэлийг дурджээ. Энд С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах гэсэн улс төрийн цаад учиг байж болох юм. Учир нь НИТХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Э.Бат-Үүл “Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ. Гэр хорооллыг Ганнам хороолол болгоно” гэх гоё амлалтуудыг өгч нийслэлийг удирдах эрхтэй болж байсныг улаанбаатарчууд мартаагүй. Харамсалтай нь АН НИТХ-д ийнхүү олонхи болмогц өлсгөлөн бар мэт авирлацгааж албан тушаал, эрх мэдлийн “бялуу” хуваарилалт хэрхэн өрнөснийг ч их хотынхон сайн санаж байгаа. “Улстөрч гэдэг холгосон хөл дээрээ үргэлж гишгүүлэхийн нэр” гэдэгчлэн ард түмэн эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай итгэл хүлээлгэж сонгосон эрхмүүдээсээ амлалт, хариуцлагыг нь ямагт нэхэж байдгийг АН-ынхан мартсан бололтой.

Гэр хорооллын дахин төлөвлөлт. Өнгөрсөн 2012-2016 онд энэ ажлаар хамгийн их ПР-дсан хүн бол НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн Э.Бат-Үүл юм. Тэрбээр өнгөн дээрээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бараг л “Ильичийн гэрэл” мэт тунхаглаж, үнэн хэрэгтээ хүү Б.Чулуудайнхаа “Гранд лайн” компанид 5.1 тэрбумын тендер авч өгсөн нь баримт юутайгаа ил болж байсан нь саяхан. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байхдаа ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хүүгээ хэдэн тэрбум төгрөгөөр эрхлүүлсэн тухай дээрх мэдээлэл олны сонорт хүрсний дараахан “Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ”, “Б.Чулуудай оффшор бүсэд компанитай” гэх зэрэг мэдээллүүд хэвлэлүүдээр гарч байсан билээ. Зарим эх сурвалж ч “Нэг хэсэгтээ чимээгүй болсон Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайд холбогдох хэргийг АТГ сэргээн шалгаж эхэлсэн” гэв. Нэг ёсондоо, Э.Бат-Үүл ба түүний хүүгийн хувьд байдал дахиад эвгүйтсэн гэсэн үг.

Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан АН-ынхны хорхойтой араанд юуны учир зуугдав. Түүний хэлснээр “Хувийн эрх ашгаа тулгаад үүдийг нь сахиад суучихдаг” АН-ын зарим нөхдийн ашиг сонирхлын цэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт аж. Ингэж хэлэх болсон нь учиртай. С.Амарсайханы хувьд, НИТХ-ын дарга болмогцоо хот дахь авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийн ужгирсан “хана хэрэм”-ийг нураахын төлөө зоримог тэмцэл хийж эхэлсэн. Хэдийгээр тэрбээр улаан туг мандуулж, өдөр бүр телевизийн камерын өмнө улс төрийн тоглолт хийгээд байдаггүй ч энэ үйл хэргээ бодитой хэрэгжүүлж эхэлсэн нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдтэй нэг бус удаа уулзаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн явдал юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2013 оны нэгдүгээр сарын 23-.ы өдрийн 03 тоот захирамжийн дагуу нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж, 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байв. Гэвч АН эрх барих үед гаргасан дээрх захирамжийн биелэлт хангалтгүй, албан тушаалтнууд иргэдийн төлөө гэхээс илүү энэ ажилд дөрөөлж хувийн эрх ашгээ гүйцэлдүүлэх гэсэн нь өнөөдөр олон иргэнийг орох оронгүй болгож зовлонгийн далайд унагажээ. Тэдгээр хохирогчид НИТХ-ын даргатай өнгөрсөн нэгдүгээр сард дахин уулзах үеэрээ сэтгэл сэртхийлгэм баримтуудыг ч өгүүлж байсан юм. Зөвхөн нэг жишээ дурдахад, “Их өргөө” ХХК-тай хоёрлосон гэрээ байгуулсан 85 өрхийн 600 иргэн өнөөдөр тодорхой оршин суух хаяггүй, 46 өндөр настан байснаас долоо нь нас барсан. Нэг иргэн түрээсийн төлбөрийн дарамтад орж нас барсан талаар хохирогчид С.Амарсайхан даргатай уулзах үеэрээ хэлж байв. АН-ынхны үеэс улбаатай энэхүү булхай, будилаантай асуудлын мөрөөр НИТХ-ын дарга С.Амарсайхан орж, хохирогчдынх нь үгийг сонсож, баримт сэлттэй нь танилцаад зогсохгүй “Иргэд хэдэн зуугаараа баталгаагүй гэрээнд унаж, орон гэргүй болсон асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно” гэсэн нь АН-ынханд ноцуулах нэг шалтаг болсон бололтой. Үүний сацуу С.Амарсайхан “Зуун айлыг нүүлгэнэ” гэх зоримог мэдэгдэл хийсэн нь АН-ынхны ашиг сонирхлыг бас л хөндөж орхилоо. Учир нь түүнийг огцруулах тухай “Камерын улс төр” хийж буй зарим нөхөд 100 айлд газартай, үл хөдлөх хөрөнгөтэй. Тийм учраас 100 айлыг нүүлгэх тухай мэдэгдэл хийсэн С.Амарсайханыг МАН дахь “60 тэрбум” фракцийнхантай хүч хавсарч унагах хор найруулж яваа” гэх мэдээлэл бас байгаа юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан дуулиант 60 тэрбумын асуудлаар “60 тэрбумын асуудал бол худал гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд үнэхээр сэтгэл гонсоймоор зүйл байсан” гэж байр сууриа илэрхийлж байсан удаатай. Энэмэтчилэн авлига, хууль бус үйлдлийн эсрэг хүний, өөрийн нам гэлгүй зогссоноороо тэрбээр АН, МАН дахь авлигачдыг айлгаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр иргэдийг хуурч хохироосон АН-ын зарим гишүүн өдгөө хуулийн байгууллагын үүдэнд чулуу нясалж суугаа. Дээр нь Э.Бат-Үүлийн хүүд холбогдох хэргийг АТГ сэргээчихэж. Энэ мэтээс харвал НИТХ дахь АН-ын бүлгийнхэн С.Амарсайханыг огцруулах тухай гэнэтийн дүгнэлтээр айдастай яваагаа илэрхийллээ. Харамсалтай нь тэд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж амь амьдралаараа хохирсон иргэдийн төлөө өнгөрсөн хугацаанд ганц үг ганхийсэнгүй.

 


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД