Main Area

Main

Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг байжээ

Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасантай холбогдуулан хэн, юу гэж хэлснийг хүргэж байна. Тус банканд төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан аж. Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлоо барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгөх юм. 

С.Чинзориг: Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна

 (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд)

-“2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Капитал банканд байршуулж байсан. 2009 оноос эхлэн байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш Капитал банканд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан.

Үүнээс Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг үлдсэн. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанканд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Эхний ээлжид иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанктай хамтраад сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд ямар хуваариар эргэн барагдуулах вэ гэдгийг хуваарь тогтоох байх. Сангуудад эрсдэл үүсэхгүй. Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад нэлээд хөрөнгө төвлөрүүлсний дийлэнх нь Капитал банканд байршсан байсан.

Би сайдаар томилогдсоноос хойш томоохон ХААН, Төрийн банканд сангийн хөрөнгийг байршуулсан учир бусад сангийн хөрөнгөд эрсдэл гарахгүй гэж бодож байна.

Ч.Хүрэлбаатар: Капитал банкны дампуурлын ЗГ-т өрийн дарамт үүсгэсэн

 (Сангийн сайд)

-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум төгрөгийг энэ банканд хадгалуулж байжээ. Хамгийн анх 2007 оноос эхэлж, 2013, 2014 онд тус бүр 100 тэрбум төгрөгийг эдгээр сангаас нэмж байршуулжээ. Мөн Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус банканд байршиж байсан аж. Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа энэ мөнгийг байршуулжээ.

Үүгээр зогсохгүй ЖДҮХС-гийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг тус тус байршиж байжээ. Ингээд нийт төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан аж. Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан.

Хуулийн дагуу хурдан шуурхай арга хэмжээ авах нь зөв гэж үзэн, тус банкийг дампууруулах шийдвэрийг гаргасан. Эс бөгөөс хохирол өсөх байсан. Гэхдээ эдийн засаг өсөж байхад ийм шийдвэр гарч байна. Иймд тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Мөнгө ууршаад алга болохгүй. Банк үл хөдлөх хөрөнгөтэй нь гарцаагүй.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлоо барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө. Хэдийгээр энэ банкны дампуурал банкны салбарт нөлөөлөхгүй ч Засгийн газарт өрийн дарамт үүссэн” гэж Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын сан капитал банканд байршуулсан мөнгөө нэхэмжилнэ

Монголбанкнаас Капитал банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, ЭМДЕГ-аас тус банканд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ.

Капитал банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 135 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө Капитал банканд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас Капитал банканд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна.

Харин хадгаламжийн хүү болох найман тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.

Б.Ундармаа: Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан Монгол банкнаас тайлбар хийх ёстой.

Монголбанкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас дараах тайлбарыг хийсэн юм.

“Би Капитал банканд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна” гэлээ. Тэрбээр энэ асуудлаар ямар нэг тайлбар хийхгүй, ийм шийдвэр гаргасан Монголбанк өөрсдөө тайлбар хийх ёстой гэлээ.

 

 

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 

 

 

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД