Main Area

Main

Дубайн гэрээний барьцаанд Монголын төр байгаа юу

Өнөөдөр Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ-аас мэдээлэл хийж “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг байгуулах ажлын хэсэг байгуулах, гарын үсэг зурах эрх олгохтой холбоотой тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоологхоор өнгөрсөн 2018 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа юм байна.

Захиргааны шүүх дээр хэрэг үүсээд хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч Ерөнхий сайдын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь аль болох хэрэг үүсгүүлэхгүй байх, элдэв үндэслэлгүй шалтгаанаар хэргийг хаах хүсэлтийг байнга гаргаж, шүүх хурлыг хойшлуулах эсвэл давж заалдах шатанд гомдол гаргах зэргээр цаг хожсоор байна. Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Эрдэнэс Монгол” компанийн ажилтнууд байгаа юм.

Тус ТББ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь захирамжуудыг гаргахдаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ЗГ-ын хуралдааны тогтоол гаргуулаагүй нь ЗГ-ын тухай хуулийн болон бусад хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан юм. Зөвхөн нэг удаагийн яаралтай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргаж болох эрхийг хуулиар олгосон байдаг байна. Гэтэл Дубайн гэрээ байгуулахтай холбоотой захирамжуудыг 2015 оны 1-ээс 5-р сарын хооронд тус тус гаргасан байна.

Цаад талаас энэхүү байгууллагыг нийтийн эрх ашгийг төлөөлөх эрхгүй 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар хэргийг хаалгах хүсэлтийг удаа дараа гаргасан байна.

Дубайн гэрээний хохирлын талаар

Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт ил уурхай болон баяжуулах үйлдвэр /2013он/, далд уурхай /2021 он/ гэсэн үндсэн 2 бүтээн бйагуулалтаас бүрдэнэ гэж ойлгож болно. Анхны ТЭЗҮ буву төлөвлөгөө ёсоор Ил уурхайг ашиглаж эхэлснээс хойш орох орлого, ашгаар Далд уурхайг бүтээн байгуулах тооцоотой байсан. Гэтэл 2013 оноос хойш гарсан Монголчуудын баялаг өнөөг хүртэл ямар ч үнэ цэнэгүй, ямар ч ашиг өгөхгүй байгааг Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайлан, баланс баталж байна. Үүний шалтгаан нь асар их хэмжээний хүү өндөртэй зээл ямар ч хяналтгүй маш их хэмжээгээр өсгөсөн үйл ажиллагааны зардал өртгийн хэмжээ юм.

Дубайн гэрээ байгуулагдах хүртэл буюу 2015 оны эцсээр Оюутолгой ХХК-д нийт 8 орчим тэрбус долларын өр үүсэнээс зөвхөн хүү нь гэхэд 3 орчим тэрбум доллар болсон байна. Монгол улсын сангийн яам өмнөх бүх тооцоог 5 хоногийн дотор хүлээн зөвшөөрч хаах үүргийг авсан байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж. Эрдэнэбат нар хариуцан ажиллаж байсан. Зөвхөн энэ заалтаар 2013 онд Засгийн газраас шалгасан ажлын хэсгийн үр дүн, мөн хувь нийлүүлэгчдийн зээл гэсэн зарчимгүй зээлийн үр дүнд гарсан бүх хохирлыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Улмаар дубайн гэрээгээр гуравдагч тал буюу гадаадын 20 банкнаас төслийн санхүүжилт нэрээр зээл авч, өмнө үүссэн өр, түүний хүүгийн ихээхэн хэсгийг Рио Тинтод төлсөн. Ийнхүү Монголын талд асар хохиролтой тохиролцоог улам үргэлжлүүлснээр 2021 оны эцэс буюу далд уурхай ашиглалтанд орох үед Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэмжээ 26 тэрбус долларт хүрэх ба үүнээс 10 тэрбум доллар нь зээлийн хүү байх тооцоо гарч байна. Энэ байдал цааш үргэлжилсээр 2050 он гэхэд Монголчууд ногдол ашиг хүртэж эхэлнэ гэж Рио Тинто танилцуулсан байна. Иймд манай байгууллагаас Дубайн гэрээний хохирлыг дор хаяж 20 тэрбум доллар гэж үзэж байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь ийм хохиролтой гэрээ байгуулахын тулд ЗГ-аас гадаадын зөвлөхүүдээс зөвлөх үйлчилгээ авсан байна. Санхүү, хуулийн чиглэлээр гадаадын 3 компаниас зөвлөх үйлчилгээ авсан гэж мэдээлдэг ба зөвхөн АНУ-ын Пейнтер компанид гэхэд зөвлөх үйлчилгээний хөлсөнд 17 тэрбум төгрөг төлсөн байна.

Мөн Дубайн гэрээний үндсэн дээр гадны 20 банкнаас зээл авахын тулд Дэлхийн банкэы Олон талт хамтын ажиллагааны газарт Монгол улсын ЗГ улс төрийн баталгаа гаргаж өгсөн тухай мэдээллийг Туркойз Хилл компани тухайн үед мэдээлж байжээ. Хэрэв энэ үнэн бол Монгол улсын газар нутаг, аюулгүй байдал улстөрийн барьцаанд орсон гэсэн үг юм. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө гэсэн Дубайн гэрээнээс тусдаа байгуулагдсан бичиг баримтаар Оюутолгойн уурхайн бүх лиценз, тухайн газар нутаг барьцаанд тавигдсан гэсэн мэдээлэл байгаа юм байна. Мөн барьцааны 30 гаруй гэрээ байгуулагдсан, үүнд нь ЗГ-ын баталгаа үндэслэл болсон гэдэг нь тодорхой байгаа гэлээ.

Сурвалжилсан: Suva Oyuka

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД