Main Area

Main

ГОЛ МӨРНИЙ УРСАЦЫН 69%-ИЙГ ГАДАГШАА БИД АЛДСААР БАЙХ УУ...

Монгол Улсын усны нийт нөөцийн дөнгөж 1.9%-ийг ГАЗРЫН ДООРХ УС эзэлдэг. Гэтэл бид энэ 1.9% эзлэх усаар нийт усны хэрэгцээнийхээ 80% орчим хувийг хангаж байна. Үүнд ундны ус, уул уурхай, боловсруулах үйлдвэр гээд бүгд л багтдаг бөгөөд газрын доорх цэнгэг усны ордыг хайрлан гамнахын оронд алтыг уснаас илүүд үзэх хандлага нэгэнт тогтжээ. Харамсалтай нь энэ өчүүхэн бага хэмжээтэй газрын доорх ус маань 1000-10,000 жилийн хугацаанд нөхөгддөг зарим нь бүр нөхөгдөхгүй ширгэн алга болдог. Харин дэлхийн хэмжээнд ус хэрэглээний 70 гаруй хувийг ТҮРГЭН НӨХӨН СЭРГЭЭГДДЭГ ГАДАРГЫН УС болон бусад нөөцөөс хангаж байна.

Ялангуяа бусад улс орнуудад үйлдвэрийн ус хэрэглээнийхээ тодорхой хувийг хурдан хугацаанд нөхөн сэргээгддэг гадаргын усны нөөцөөс ашиглаж эхлээд байгаа нь Манай улсын хувьд ч гадаргын ус ашиглалтын хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Хэрэв бид цаашид ийм замбараагүй, системгүй байдлаар усаа хэрэглээд байвал иргэдийн ундны болон ахуйн усны хэрэглээ баталгаагүй болж улмаар ГАЗРЫН ДООРХ ЦЭНГЭГ УСНЫ ОРДУУДЫГ хүн амын усан хангамжийн хэтийн хэрэглээнд ашиглах боломжгүй болоход хүрнэ. Түүнчлэн цөлжилт нэмэгдэж, бэлчээрийн доройтол ч бий болно. Энэ үед бид ирээдүй хойч үедээ, биднээс хойшид үлдэх газар нутгаа хатаж, ширгэсэн Африкийн нэгэн адил усны төлөөх дайн зарлаад ч нэмэргүй нэгэнт хожимдсон тийм түүхийг үлдээх гэж үү. 

Энэ асуудал танд, бидний үр хойчид бүгдэд нь хамааралтай тул Усны тухай болон бусад холбогдох хуулинд газрын доорх усыг гадаргын устай хосолмолоор хэрэглэх тухай нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Л. Энхболд, А.Сүхбат гишүүний хамт санаачлан боловсруулжээ. Энэ хуулийг батлуулж ард иргэдийнхээ ундны усны аюулгүй байдлыг хангахын төлөө  эрхэм УИХ-ын гишүүдээ тус хуулийг яаралтай баталж өгөөсөй.

www.ardnews.mn                                   Б.Түмэндорж    

                                    

 

 


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД