Main Area

Main

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Нүүрсний асуудалд хэрэг бүртгэл нээгдээд АТГ-аас шалгаж байгаа нь үнэн.

 

Л.Энхболд: Хоёр асуулт байна. Нэгдүгээрт, Оффшорын хуулийн хэрэгжилттэй холбогдуулж Монгол Улсад хэчнээн төгрөг орж ирсэн бэ. Тоо хэлэх бололцоо байна уу. Хоёрдугаарт, 2010-2011 онд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор 3758 машинаар 379 мянган тн нүүрс номер дугаартайгаа илрээд гаалийн бүрдүүлэлтгүйгээр гарсныг илрүүлсэн ч прокуророос хэрэгсэхгүй болгосон юм билээ. Энгийн хүний нүдээр харахад хууль хяналтын байгууллагууд нь шалгаад бүх бичиг баримтыг нь тогтоочихсон байхад 2013 онд хэрэгсэхгүй болгосон байна. Үүний улмаас дахин давтагдсан хэрэг гарч байна. Сангийн яамнаас гарсан ажлын хэсэг гараад Монголын ард түмний хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тн нүүрс алга болсныг тогтоосон. Өмнөхийг нь хэрэгсэхгүй болгосноос ээлж дараатай үргэлжилж байна. Өнөөдрийн ханшаар тооцвол 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Ажлын хэсгээс энэ мөнгө хаашаа ч ороогүй байна гэдгийг тогтоосон. Энэ бол яалт ч үгүй хийчихсэн үйлдэл. Эзэнд нь хэлэхгүйгээр авах, хаашаа орсон нь тодорхойгүй юмыг хулгай гэдэг. Ийм ноцтой асуудлыг та бүгд яаж шалгаж байгаа вэ.

М.Энх-Амгалан: Оффшорын хэрэг гэдэг асуудлаар одоогоор мөнгө орж ирээгүй байна. Оффшор данстай байсан хүмүүсийг тогтсон хугацаанд мөнгөө оруулж ирсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлнө гэсэн яриа болох үед Д гэгч иргэн мөнгөө оруулж ирсэн. Оффшорын асуудлаар тодорхой хэмжээний хөрөнгө битүүмжлэх асуудлыг гадаадын хуулийн байгууллагад хүсэлт тавьчихаад хамтран ажиллаж байна.

Нүүрсний асуудалд хэрэг бүртгэл нээгдээд АТГ-аас шалгаж байгаа. Шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Таны ярьж байгаа асуудлыг нэг бүрчлэн шалгаж байгаа гэдгийг хэлэх байна. Өмнө буюу 2010-2011 оны хооронд нүүрсний хэрэгт холбогдох хэдэн хүнийг шалгаж байсан бөгөөд тус хэрэг 2013 онд хэрэгсэхгүй болгосон байдаг.  Тус нүүрсний хэргийн асуудалд тухайн үед нь сэргээх гэж оролдсон ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Яах аргагүй ноцтой асуудал үүссэн. Машинуудыг хоосноор бүртгээд цааш гаргачихсан. Татвараас зайлсхийсэн. Татварын хэмжээ нь нэлээд их хэмжээний асуудал байгаа. Шаардлагатай гэж үзвэл мэдээлэл өгье.

 


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД